“Болливуд”-ын кино зураг авалтыг Монголд хийх зэрэг саналыг дэмжихээ илэрхийлжээ

“Болливуд”-ын кино зураг авалтыг Монголд хийх зэрэг саналыг дэмжихээ илэрхийлжээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНЭУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үеэр төр, засгийн өндөр түвшний хүмүүстэй уулзалт хийж, газрын тосны үйлдвэрийн хамтарсан төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах, Монгол Цахиурын хөндийг байгуулахад хамтран ажиллах, “Болливуд”-ын киноны зураг авалтыг Монголд хийх, коксжсон нүүрсээ Энэтхэгт экспортлох зэрэг асуудлуудыг хөндөж ярилцлаа.

Энэхүү айлчлал нь  2010 онд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тус улсад айлчилснаас хойш парламентын тэргүүний түвшинд 11 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм. Айлчлалын үеэр төр, засгийн өндөр түвшний хүмүүстэй уулзалт хийж, газрын тосны үйлдвэрийн хамтарсан төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах, Монгол Цахиурын хөндийг байгуулахад хамтран ажиллах, “Болливуд”-ын киноны зураг авалтыг Монголд хийх, коксжсон нүүрсээ Энэтхэгт экспортлох зэрэг асуудлуудыг хөндөж ярилцжээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын тус улсад хийж буй албан ёсны айлчлал БНЭУ-ын Гадаад харилцааны сайд др. Сүбрахманьям Жайшанкартай хийсэн уулзалтаар эхэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэхээр талууд идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаж, уг төслийг хэрэгжүүлж дуусгах, коксжих нүүрс экспортлох туршилтын тээвэрлэлтийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэнийг ноён С.Жайшанкар дэмжиж байгаа илэрхийлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ өдөр БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд бараалхлаа.

Бараалхалтын үеэр тэрбээр “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Тантай Энэтхэг Улсад хийж буй айлчлалынхаа үеэр нүүр учран уулзах завшаан тохиолдсонд нэн баяртай байна. Энэтхэг Улс бол манай оюун санааны хөрш бөгөөд нэн чухал стратегийн түнш билээ. Юуны өмнө Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг уламжилж буйг минь хүлээн авна уу. Манай хоёр ард түмэн хэдий газарзүйн байршлын хувьд хол оршдог ч түүх соёлын ижил төсөөтэй зүйлсээр уламжлагдсан оюун санааны хэлхээ холбоо маань биднийг ямагт ойр дотно нөхөрлүүлж ирсэн билээ. Монголын ард түмэн Энэтхэг Улсыг Бурхны орон хэмээн хүндэтгэж ирсэн. Монгол Улс Энэтхэг Улстай тогтоосон стратегийн түншлэлийн харилцаагаа улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байна.  Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Таныг манай оронд морилон айлчлахыг урья” гэв.

Монгол, Энэтхэгийн хууль тогтоох дээд байгууллагууд хамтын ажиллагааны сайхан уламжлалтай. Миний энэ удаагийн айлчлал манай хоёр орны “Стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд болон парламент хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэлтэй байна.

БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад 2015 онд айлчилсан нь Монгол, Энэтхэгийн харилцааг шинэ шатанд гаргасан бөгөөд хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тосны үйлдвэрийн төслийг эхлүүлэх гараа болсон билээ. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэх чиглэлд хоёр тал нягт хамтран ажиллаж байгааг Таны сонорт хүргэхэд таатай байна гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэв.

Тэрбээр, "Энэ онд Монгол Улс НҮБ-д элссэний түүхт 60 жилийн ой тохиож байгааг дурдаад, тэртээ 1961 онд Монгол Улсыг НҮБ-д гишүүнээр элсэхэд Энэтхэг Улсын зүгээс идэвхтэй дэмжсэнийг Монголын ард түмэн ямагт санаж явдаг. Олон улсын тавцанд харилцан бие биеэ дэмжиж ирсэн энэхүү сайхан уламжлалаа цаашид ч үргэлжлүүлэн хадгалахын төлөө байна" гэв.

БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковин УИХ-ын дарга Г.Занданшатарыг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, “Таны хэлсэнчлэн БНЭУ, Монгол Улсын стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэхэд Ерөнхийлөгчийн зүгээс дэмжиж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хичээн ажиллах болно. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг талархан хүлээж авлаа. Эрхэм Ерөнхийлөгчийн  найрсаг дотно хандлага, харилцаанд бид талархаж, харилцан айлчлалыг зохион байгуулахдаа таатай байх болно.

Манай хоёр орон ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх үнэт зүйлсээрээ нэгдмэл улс үндэстнүүд юм. Бид Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжуудыг эрэлхийлэн ажиллаж байна. Цар тахлын энэ амаргүй цаг үед харилцан бие биеэ дэмжин ажиллаж байгаад баяртай байна” гэв.

Түүнчлэн хамтарсан сургууль, Монгол Цахиурын хөндий байгуулах, “Болливуд”-ын кино зураг авалтыг Монголд хийх зэрэг саналыг дэмжихээ илэрхийлжээ.

 




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө