Сэлэнгийн Засаг даргаар томилогдсон Н.Лхагвадорж нь Ж.Эрдэнэбат гишүүний туслах, бие төлөөлөгчөөр ажилладаг байжээ

Сэлэнгийн Засаг даргаар томилогдсон Н.Лхагвадорж нь Ж.Эрдэнэбат гишүүний туслах, бие төлөөлөгчөөр ажилладаг байжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арваннэгдүгээр сарын 30 /2021.11.30/-ны өдөр захирамж гаргаж, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг батламжилсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл Сэлэнгэ аймгийн Засаг даргаар томилогдсон Н.Лхагвадоржийг нутгийн иргэд эсэргүүцсээр байна. Тодруулбал, сэлэнгэчүүд түүнийг “Эл албанд тэнцэхгүй, Мандал сумын Засаг даргаар хийж байснаас өөр төрийн албанд ажилласан ажлын туршлага байхгүй, мэдлэг боловсрол тааруу нэгэн” хэмээн эсэргүүцэж буй юм. Тиймээс бид Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн талаарх мэдээллийг сөхөв. Н.Лхагвадорж нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн. 1984-1994 онд Мандал сумын Ерөнхий боловсролын I дунд сургууль, 2007-2010 онд “Их засаг” Олон улсын их сургуулийг "Эрх зүйч" мэргэжлээр, 2015-2016 онд Удирдлагын академийг "Төрийн удирдлагын менежер" мэргэжлээр тус тус төгссөн байна.

Үүнээс үзэхэд, тэрбээр нэлээд хожуу дээд боловсрол эзэмшиж, саяхан Удирдлагын академийг дүүргэжээ.

Харин тэрбээр 2005-2012 онд “Жаврай” ХХК-ийн захирал, 2012-2016 онд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын туслах, бие төлөөлөгч, 2016 оноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргаар ажилласан ажлын туршлагатай нэгэн аж.

Товчхондоо, Н.Лхагвадорж нь хувийн бизнес эрхэлж, МАН-д зүтгэж байгаад ногоон гэрлээр Мандал сумын Засаг дарга болсон бололтой.

Нарийвчилбал, Сэлэнгэ аймгийн шинэхэн Засаг дарга Н.Лхагвадорж нь 2009-2020 Мандал сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2009-2016 Мандал сумын НАМЗХ-ын дарга, 2012-2016 НАМЗХ-ын бага хурлын гишүүн, 2011 оноос одоог хүртэл Мандал сумын Үндэсний бөхийн холбооны тэргүүн, 2012-2017 Мандал сумын МАН-ын хорооны тэргүүлэгч, 2015 оноос Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны гишүүн, 2017 оноос Мандал сумын МАН-ын хорооны дарга, 2020 оноос Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2021 оноос Сэлэнгэ аймгийн МАН-ын даргаар ажиллаж байгаа юм байна.

Төрийн албанд ажиллаж байсан ажлын туршлагагүй харагдах Н.Лхагвадорж нь ийнхүү Сэлэнгэ аймгийн Засаг даргаар томилогдсон нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын нөлөө гэх. Тэд нэлээд ойр байдаг, Ж.Эрдэнэбатыг 2020 оны сонгуульд Сэлэнгэ аймагт ялалт байгуулахад Н.Лхагвадорж чухал үүрэг гүйцэтгэсний шанд дээрх албанд томилогдсон хэмээн олон нийт үзэж байгаа юм. Ингэхээр төрийн удирдах албан тушаалд энэ мэт ажлын туршлагагүй, нам дагасан нэгнийг томилох нь хэрэг зохистой вэ Ерөнхий сайд аа.    




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө