Эрдэнэт үйлдвэр "дархлаажуулалтын IV-р тун"-д иргэд, аж ахуй нэгжүүдээ уриалжээ

Эрдэнэт үйлдвэр "дархлаажуулалтын IV-р тун"-д иргэд, аж ахуй нэгжүүдээ уриалжээ

Ковидын эсрэг дархлаажуулалтын III-р тунгийн хамрагдалт улсын хэмжээнд 35.7 хувьтай явагдаж байна. Харин Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчдын хувьд дархлаажуулалтын III-р тунд 98 хувьтай хамрагджээ.

Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн ажилчид “Дархлаажуулалтын IV-р тун” аяныг эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл хариуцлагын вакцин буюу “дархлаажуулалтын IV-р тун” гэдэг нь дасгал хөдөлгөөн хийх, соёл урлагийн үйл ажиллагаанд хамрагдах, амин дэм, шим тэжээлтэй хоол хүнс идэх, амьдралын зөв хэмнэл, дадал хэвшлийг бий болгох, бие сэтгэлийн дархлаа сэргээх нөлөөллийн үйл ажиллагаа юм.

Энэхүү аяныг Нийгмийн харилцааны хэлтэс, түүний харьяа цехүүд, Маркетингийн хэлтсийн Олон нийттэй харилцах албаны хүчээр өрнүүлсэн ба өнөөдрийн байдлаар 7000 гаруй уурхайчдыг бүрэн хамарчээ

Сар гаруйн өмнө Спорт цогцолборын хамт олон тус аяныг “Дархлаажуулалтын IV-р тун нь дасгал хөдөлгөөн юм” уриан дор эхлүүлж, нийт ажилчдыг ажлын байрны хөгжимт дасгалд уриалсанаар эхэлсэн байна. Мөн ажилчдын нэгдсэн алхалтыг баасан гараг бүр “Эрүүл мэндийн зам” дээр зохион байгуулдаг аж.