“Twitter”-ийн шинэ гүйцэтгэх захирлаар Энэтхэг гаралтай Параг Агравал томилогджээ

“Twitter”-ийн шинэ гүйцэтгэх захирлаар Энэтхэг гаралтай Параг Агравал томилогджээ

“Twitter”-ийн гүйцэтгэх захирлаар Энэтхэг гаралтай Параг Агравал томилогдож, Энэтхэг улсад түүний томилогдсон тухай мэдээг сайшаан, тэмдэглэж байна. Өнгөрсөн даваа гарагт “Twitter”-ийн үүсгэн байгуулагч Жэк Дорси албан тушаалаасаа огцорч буйгаа зарласан бөгөөд өдгөө 37 настай Параг Агравал түүний халааг авахаар болжээ.

Даваа гарагт Жэк Дорси твиттер хуудсандаа “Параг бол энэ компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд тусалсан чухал шийдвэр бүрийн ард байсан. Тэр сониуч, эрэл хайгуулч, ухаалаг, бүтээлч, шаардлага өндөртэй, өөрийгөө мэддэг, даруухан нэгэн. Миний хувьд түүнийг гүйцэтгэх захирлаар ажиллаж чадна гэдэгт гүнээ итгэж байна” гэж бичжээ.

Агравал нь Энэтхэгийн нэр хүндтэй Технологийн дээд сургуулийг (IIT) төгсөж, Стэнфордын их сургуульд компьютерын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Өмнө нь тэрээр “Microsoft”, “Yahoo” болон АНУ-ын харилцаа холбооны “AT&T”-д янз бүрийн судалгааны ажил хийж байсан бөгөөд 2011 онд 1000 хүрэхгүй ажилтантай байхад нь “Twitter”-т орсноосоо хойш албан тушаал ахиж, тус компанийн технологи хариуцсан ахлах захирал болсон байна.

“Twitter”-ийн технологи хариуцсан ахлах ажилтны хувьд тэрээр компанийн техникийн стратегийг хариуцаж, компанийн хэмжээнд машин сургалтын нөхцөл байдлыг ахиулахын зэрэгцээ хөгжлийн хурдыг сайжруулах ажлыг удирдан чиглүүлжээ.