Дуучин Рианна Барбадосын “Үндэсний Баатар” цолоор өргөмжлөгдлөө

Дуучин Рианна Барбадосын “Үндэсний Баатар” цолоор өргөмжлөгдлөө

2020 оны есдүгээр сард Карибын тэнгисийн 300,000 хүрэхгүй хүн амтай Барбадос арал улс нь албан ёсоор Их Британийн хатан хаан II Элизабетын засаглалаас гарч, парламентын засаглалтай бүгд найрамдах улс болох шийдвэрийг гаргасан билээ.

Ийнхүү шийдвэр гарснаас жил гаруй хугацааны дараа буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болж өнгөрсөн бөгөөд ерөнхийлөгчийн албыг одооны захирагч Сандра Мейсон хашихаар болсон юм. “Иргэд бид Бүгд Найрамдах Барбадос улсаа өөрсдийн мөн чанар, дотоод сэтгэл, оюун ухаанаараа нөхөж, ирээдүйг нь бүтээх үүрэгтэй” хэмээн Барбадосын анхны ерөнхийлөгч Сандра Мейсон хүндэтгэлийн үгээ эхлүүлснийг Reuters мэдээллэжээ.

Албан ёсоор Барбадосыг бүгд найрамдах улс гэдгийг зарласан даруйд эрх баригчид Барбадосын уугуул иргэн Рианнаг улсынхаа үндэсний баатраар өргөмжилсөн юм. Тэрээр 1988 онд Барбадосын Сент Майкл-д төрсөн бөгөөд 16 настайдаа АНУ руу нүүж байжээ. “Улс үндэстэн, бахархалт ард түмнийхээ нэрийн өмнөөс Робин Рианна Фентиг бид Барбадос улсын үндэсний баатраар өргөмжилж байна. Үргэлж очир алмаз шиг гялалзаж, улсынхаа бахархал нь болж яваарай” хэмээн ерөнхий сайд Миа Моттли Рианнаг онцлохын сацуу түүний дуучны карьер дахь хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн Diamond (очир алмаз) дууг түүнтэй зүйрлэсэн юм.

Мөн уг ёслолд ханхүү Чарьлз хүрэлцэн ирж “Барбадосын оршин суугчид Их Британийн түүхэнд хар толбо үлдээсэн боолчлолын саарал жилүүдэд болон бусад бүхий л үед өөрсдийн зорилгодоо үнэнч байсаар ирсэн” хэмээн II Элизабет хатан хааны нэрийн өмнөөс хэлсэн байна.