Н.Тавинбэх: ОХУ-аас ирсэн төлөөлөл Эгийн голын цахилгаан станцыг бариулахгүй гэсэн байр, суурийг илэрхийлээгүй

Н.Тавинбэх: ОХУ-аас ирсэн төлөөлөл Эгийн голын цахилгаан станцыг бариулахгүй гэсэн байр, суурийг илэрхийлээгүй

Эгийн голын усан цахилгаан станцын асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх itoim.mn сайтад мэдээлэл өгчээ.

Тэрбээр "ОХУ-аас ирсэн төлөөлөл дотор цахилгаан станцыг бариулахгүй гэсэн албан ёсны байр суурь илэрхийлээгүй. Ер нь бол оросуудыг буруутгаж огт болохгүй. Байгаль орчны нөлөөлөл байгаа эсэхийг нухацтай судалж үзэхийг биднээс хүсч байгаа. Бид ч энэ хүсэлтийн дагуу олон улсын байгууллагаар үнэлгээ хийлгэж байгаа. Үнэлгээний дүн 2022 оны долдугаар сард багтааж гарна. Энэ үнэлгээгээр байгаль, экологид нөлөөлөх үү, нөлөөлөхгүй юү. Нөлөөлөлтэй бол нөлөөллийг арилгаж болох уу, арилгахын тулд ямар ажил хийх вэ гэдэг нь тодорхой болоод ОХУ-тай ярьж тохирно. Үүний дараа эцэслэж Эгийн гол дээр цахилгаан станц барьж болох уу, болохгүй юу гэдэг шийдвэрийг гаргана.

Монгол Улсын эрчим хүчний салбарыг бүтээн байгуулахад ОХУ-ын хуучнаар ЗХУ-ын дэмжлэг туслалцаа маш их байсан. Одоо ажиллаж байгаа эх үүсвэрүүдийн 90-ээд хувь нь хуучин ЗХУ-ын тоног төхөөрөмж байгаа. Сая Засгийн газрын хамтарсан комиссын хуралдаан дээр эрчим хүчний салбарт ОХУ-тай хамтарч ажиллах чиглэлүүдийг тодорхой болгож хүргүүлсэн. Үүнд Дулааны цахилгаан станц гурвын өргөтгөлийг Оросын талтай хамтарч гүйцэтгэхэд бэлэн байна гэдгээ хэлсэн. Мөн дунд болон их чадлын цахилгаан станц дээр хамтарч ажиллах, ОХУ-аас импортоор авдаг цахилгааны хэмжээг нэмэгдүүлэх, IV, II дулааны цахилгаан станцын өргөтгөл шинэчлэлийн ажил дээр хамтарч ажиллаж болно гэдгээ хэлсэн. ОХУ-ын тал ч хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн" гэжээ.