Д.Сумъяабазар: Гэр хороолол дундуур хурдны зам тавина

Д.Сумъяабазар: Гэр хороолол дундуур хурдны зам тавина

"Улаанбаатар хот, хөгжлийн чиг хандлага" төслийг танилцуулах уулзалт болж өндөрлөлөө.

Энэ үеэр Улаанбаатар хотын удирдлагууд ирэх жилүүдэд гаднын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хотын эдийн засгийн чадавхыг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломжийг хангах, одоо хэрэгжиж байгаа олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх зэрэг сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, санал солилцсон юм.

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үг хэллээ. Тэрбээр, "Улаанбаатар хотыг 2040 он гэхэд 1738 км замыг шинээр тавьж, 9 нүхэн гарц шинээр байгуулсан байхаар ерөнхий төлөвлөгөөнд тусгасан. Нийтийн тээвэрт багтаамж ихтэй шинэ тээврийг нэвтрүүлнэ. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс нийслэлд эрх зүйн шинэ дүрэм үйлчилнэ. Гүүрэн байгууламжийн хурдан галт тэрэгний ТЭЗҮ-г бэлдэж байна.

LRT буюу хөнгөн галт тэрэгний төсөлд төвлөрнө. Манай хотод явах хөнгөн галт тэрэг нь 5-10 жилийн настай биш 70-100 жил явчихаар хийх ёстой гэсэн бодолтой ажиллаж байна. Осол гарах үед хамгийн аюултай газар нь нийслэл. Дараагийн чухал зүйл нь гэр хорооллын дундуур Туул голын хурдны замтай холбосон зам тавьснаар Улаанбаатар хот олон төвт хот болно. Дэд төвүүдийг хурдны замаар холбоно. Нийтийн тээврийн сонголттой болгож, цахилгаан дугуй нэвтрүүлнэ" гэлээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон 27 жил шинэчлэгдээгүй байсан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулаад буй. Энэ хуулийн хүрээнд Улаанбаатар хот 30 жил хуримтлагдсан олон асуудлаа шийдвэрлэх боломж бүрдэж байгааг форумын үеэр удирдлагууд онцоллоо.