УЕПГ: Өмнөговийн ИТХ-ын дарга Б.Бадрааг НПГ-ын зөвшөөрлөөр нэгжлэг хийж, ЭЦА шалгаж байгаа нь үнэн

УЕПГ: Өмнөговийн ИТХ-ын дарга Б.Бадрааг НПГ-ын зөвшөөрлөөр нэгжлэг хийж, ЭЦА шалгаж байгаа нь үнэн

Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурал /ИТХ/-ын дарга Б.Бадраа болон түүний хамаарал бүхий этгээдүүдийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гараад буй. 

Тодруулбал, түүнийг Цагаан хад суурьшлын бүсэд хууль бусаар газар авсан, түүнийгээ БНХАУ-ын иргэдэд өндөр үнээр худалдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Уг хэрэгтэй холбогдуулан арваннэгдүгээр сарын 29-нд Б.Бадраа болон түүний хүү Б.Наранболд нарын  гэр болон ажлын байранд прокурорын зөвшөөрлөөр нэгж хийсэн байна.

Энэ явцад эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний бэлэн мөнгө, юань, үнэт эдлэл, хууль бусаар хадгалж байсан галт зэвсэг, сум зэргийг эд мөрийн баримтаар хураан авчээ.

Мөн эх үүсвэр нь тодорхойгүй хөрөнгөөр Хан-Уул дүүрэгт орон сууц, автомашин зэргийг худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж. Түүнчлэн их хэмжээний хөрөнгөөр мөрийтэй тоглосон байж болзошгүй үйлдэл илэрсэн болохыг эх сурвалжууд мэдээлж байна.

Уг хэрэгтэй холбогдуулан Б.Бадраагийн эхнэр Б.Сайнжаргал, хүү Б.Наранболд нягтан нарыг татан оролцуулах гэх. 

Улмаар Б.Бадраагийн хүү Б.Наранболд болон нягтлан бодогч нарыг түр саатуулаад сулласан байна.  Шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байгаа аж. Уг хэргийн талаар Өмнөговь аймгийн ИТХ-ын ажлын албанаас тодруулахад "Бид одоогоор шууд мэдээлэл өгөх боломжгүй. Удахгүй нэгдсэн журмаар мэдээлэл хийнэ" гэх тайлбарыг өглөө. 

Тиймээс Өмнөговь аймгийн шүүх, прокурорын байгууллагын эх сурвалжаас энэ талаар тодруулахад "Өмнөговь аймгийн прокурор болон шүүхэд энэ талаарх мэдээлэл байхгүй. Прокурорын Ерөнхий газраас нэгжлэх хийх зөвшөөрөл олгосон байх" гэх тайлбарыг өглөө. 

Харин Улсын Прокурорын ерөнхий газар /УЕПГ/-ын эх сурвалжаас энэ талаар тодруулахад "Нийслэлийн прокурорын зөвшөөрлөөр Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийж, шалгалтын ажиллагааг явуулж байгаа нь үнэн. Харин Б.Бадраагийн хүү болон нягтлан бодогчийг цагдан хориогүй. Түр саатуулаад сулласан. Одоо шалгалтын ажиллагааг үргэлжилж байгаа" гэлээ.