Б.Бадраагийн хэрэгт холбогдон шалгагдаж буй Х.Нэхийт: Гэр, дэлгүүрээс 13 сая, ажлын шүүгээнээс 860 мянга, 11 мөнгөн аяга хураан авсан нь үнэн

Б.Бадраагийн хэрэгт холбогдон шалгагдаж буй Х.Нэхийт: Гэр, дэлгүүрээс 13 сая, ажлын шүүгээнээс 860 мянга, 11 мөнгөн аяга хураан авсан нь үнэн

Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Б.Бадраа болон түүний хамаарал бүхий этгээдүүдийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн гэх мэдээлэл өчигдрөөс эхлэн зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байна. 

Тэгвэл, түүнийг Цагаан хад суурьшлын бүсэд хууль бусаар газар авсан, түүнийгээ гаднын иргэдэд өндөр үнээр худалдсан байж болзошгүй хэрэгт сэжиглэн шалгаж эхэлсэн  нь үнэн аж.

Уг хэрэгтэй холбогдуулан арваннэгдүгээр сарын 29-нд Б.Бадраагийн хүү Б.Наранболдын гэрт нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө, юань, үнэт эдлэл, хууль бусаар хадгалж байсан галт зэвсэг, сумыг эд мөрийн баримтаар хураан авсан. Улмаар хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Б.Наранболдыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.

Мөн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтийг шалгаж гэрт нь болон ЗДТГ-ын албан өрөөнүүдэд нь нэгжлэг хийн бэлнээр 300 гаруй сая төгрөг, их хэмжээний валют хураасан гэж буй. Тэгвэл энэ талаар Х.Нэхийт “Энэ арай л хэтэрч байна. Ийм мэдээг хаанаас, хэн гаргаж, олон нийтэд цацсаныг гайхаж байгаа. Болох, болохгүйг мэдэхгүй ч бодит эх сурвалжаас үнэнийг хүргэх нь зөв байх. Гэр болон албан өрөөнд нэгжлэг хийж, хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа нь үнэн. Манайх дэлгүүр ажиллуулдаг. Гэр, дэлгүүрээс 13 сая төгрөг хураан авч, эх үүсвэр тодорхойлохоор аваад явсан.

Дэлгүүртээ зарахаар авчирсан найман ширхэг мөнгөн аяга, үйлдвэрийн мөнгөн аяга, гар хийцийн гурванширхэг аягыг эх сурвалжийг батлахаар хураан авсан нь үнэн. Мөн албан ширээний нүдэнд байсан 860 мянган төгрөгийг авч явсан” хэмээн тайлбар хийжээ.