Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараараа 64 орноос 62-т оржээ

Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараараа 64 орноос 62-т оржээ

Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс “Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2021”-г эрхлэн гаргажээ.

Тус судалгааг дижитал ертөнцийн өрсөлдөх чадварыг мэдлэг, технологи, ирээдүйд бэлэн байдал гэсэн гурван үндсэн шалгуур үзүүлэлт, 9 дэд хүчин зүйлс, нийтдээ 52 үзүүлэлтээр тооцжээ. 52 үзүүлэлтээс 32 нь статистик судалгаанд суурилдаг бол үлдсэн 20 үзүүлэлт нь санал асуулгаас бүрддэг.

Уг тайланд нийт 64 улсыг хамруулж судалсан бөгөөд манай улс сүүлээсээ хоёрт буюу 62-д эрэмбэлэгджээ. Энэ нь өмнөх оныхоос  2.99 оноогоор /2020 онд 43,68 байсан/ буурсан үзүүлэлт юм.

Үндсэн 3 шалгуур үзүүлэлтээр мэдлэгийн  нь харвал Монгол Улс мэдлэг гэсэн бүлгээр өнгөрсөн жилтэй адилхан 58-т эрэмбэлэгдсэн бол технологиор 1 байр ухарч 61, ирээдүйд бэлэн байдал гэсэн үзүүлэлтээр 3 байр ухарч 62-р байранд тус тус бичигджээ.

Өнгөрсөн жилүүдийн судалгаануудад ч тэр эмэгтэй судлаачдын тоо, ажилчдаа сургалтанд хамруулах, боловсролын зэрэгтэй эмэгтэйчүүд, харилцаа холбооны салбарт оруулсан хөрөнгө оруулалт, ухаалаг утас хэрэглэгчдийн тоо гэсэн үзүүлэлтүүдээрээ манай улс дээгүүр жагсдаг. 2021 оны тайланд ч мөн адил эдгээр үзүүлэлтүүдээр хамгийн дээгүүр жагссан байна. Харин дижитал өрсөлдөх чадварын оноо буурахад мэдлэгийн солилцоо, кибер аюулгүй байдал, олон улсын туршлага, оюуны өмчийн зохицуулалт, судалгаа шинжилгээнд зарцуулсан хөрөнгө зэрэг үзүүлэлтүүдээрээ сүүл мушгиж байгаа нь нөлөөлсөн байна.