С.Батболд: Манай далайн захиргаанд бүртгэлтэй онгоцуудын нэг нь Монгол Улсын иргэний нэр дээр бүртгэлтэй байдаг

С.Батболд: Манай далайн захиргаанд бүртгэлтэй онгоцуудын нэг нь Монгол Улсын иргэний нэр дээр бүртгэлтэй байдаг

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан “Монгол Улсын далбаатай хөлөг онгоц явж байгаад зөрчил гаргасан тохиолдол гардаг. Гэхдээ үүнийх нь төлөө Монгол Улс хариуцлага хүлээдэг эрх зүйн зохицуулалт байхгүй. Харин манай улс холбогдох зөрчлийнх нь дагуу мэдээллээ өгдөг. Манай улс бол олон улсын Далайн байгууллагын гишүүн орон. Тиймээс бусад улс орны адил далайд далбаагаа мандуулах, эрдэм шинжилгээний ажил хийх, загас агнуур хийх эрх нээлттэй байдаг.

Харин 1999 оны хуульдаа хэт ерөнхий заачихсан учраас эдгээр боломжийг ашиглах боломжгүй явж ирсэн. Тиймээс хуулийн зохицуулалтаа илүү нарийвчилж байгаа юм. Цаашдаа Монгол Улс өөрийн гэсэн онгоцтой болж өөрсдөө тээвэр хийдэг болох зорилтын хүрээнд хууль эрх зүйн шинэчлэл хийж байгаа нь энэ” гэв.

Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “2003 оноос хойш нийтдээ 4000 гаруй хөлөг онгоц Монгол Улсын төрийн далбааг мандуулсан. Энэ хугацаанд 20 орчим зөрчил бүртгэгдсэн байдаг. Хэрэв энэ хуулийн өөрчлөлт батлагдвал манай улсын хувийн хэвшлийнхэн далайн тээвэр эрхлэх асуудлыг нээж өгөх болно. Монгол Улс зөвхөн далбаагаа ашиглуулдаг байсан бол энэ хуулийн баталснаар загас агнуур хийх гэх мэтээр далай ашиглах эрхтэй болно. Манай далайн захиргаанд бүртгэлтэй онгоцуудын нэг нь Монгол Улсын иргэний нэр дээр бүртгэлтэй байдаг” гэв.