“Омикрон хувилбар бүртгэгдсэн Бельги, Чех, Их Британи, Австрали, Итали зэрэг улсаас ирэх иргэдэд хязгаарлалт үйлчлэхгүй”

“Омикрон хувилбар бүртгэгдсэн Бельги, Чех, Их Британи, Австрали, Итали зэрэг улсаас ирэх иргэдэд хязгаарлалт үйлчлэхгүй”

Коронавирусийн В.1.1.529 хувилбар буюу Омикрон хувилбар тархсантай холбоотойгоор дэлхийн зарим улс орон хилээ хаах, шууд нислэгээ зогсоох, зорчигчдын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох зэрэг арга хэмжээ авч байна.Энэ тухай Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Коронавируст халдварын шинэ Омикрон хувилбар нь 2021 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад албан ёсоор бүртгэгдсэн. Тухайн хувилбарт халдвар дэлхийн 20 гаруй улс оронд бүртгэгдээд байна. Омикрон хувилбар бүртгэгдэж байгаатай холбоотойгоор дэлхийн улс орнууд гаднын зорчигчдыг авахгүй байх, зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлах болон зарим улс хилээ хаах хүртэл арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

УОК-ын шийдвэрээр ӨАБНУ, Ботсвана, Ангол, Эсватини, Лесото, Намиби, Замби, Малави, Мозамбик, Зимбабве зэрэг улсаас гаднын зорчигчийг хүлээн авахгүй байх шийдвэр гаргасан. Мөн дээрх улсуудад сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон болон дайран өнгөрсөн Монгол Улсын иргэд болон Монгол Улсад оршин суудаг гадаад иргэдийг ирэхэд нь өөрийнх нь зардлаар 10 хоногийн хугацаанд тусгаарлах шийдвэрийг гаргаад хэрэгжүүлж байна. Цаашид нөхцөл байдлаас шалтгаалаад халдварын тохиолдол илэрсэн улсаас зорчигч хүлээн авахгүй байх, зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарлах, хилээ хаах магадлалтай улсуудын тоо нэмэгдэж болзошгүй байна. Иймд халдвар авахгүй байж, бусад улсад очоод тусгаарлалтад орж болзошгүй эрсдэлүүдийг тооцож үзэн онц шаардлагагүй бол гаднын улсуудад, тэр дундаа халдвар илэрсэн гаднын улсуудад зорчихгүй байхыг иргэдэд зөвлөж байна. Улсын онцгой комиссоос гаргасан хязгаарлалт нь зөвхөн дээр нэр дурдсан 10 улсаас ирэх зорчигчдод хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэдийгээр Монгол иргэд түгээмэл зорчдог Бельги, Чех, Их Британи, Австрали, Итали зэрэг улсад халдварын тохиолдол илэрсэн ч дээрх улсуудаас ирэх гаднын иргэд болон Монгол иргэд монголд нэвтрэхэд ямар нэг хязгаарлалт байхгүй. Хэвийн журмаар нэвтэрч байгаа” гэсэн юм.