У.Хүрэлсүх: Соёлын яам аль нэг байгууллагын хавсарга битгий байгаасай гэж чинь сэтгэлээсээ хүсэж байна

У.Хүрэлсүх: Соёлын яам аль нэг байгууллагын хавсарга битгий байгаасай гэж чинь сэтгэлээсээ хүсэж байна

Соёлын яамнаас хэрэгжүүлж буй "Соёлын бүтээлч" сар аяны хүрээнд "Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум"-ыг төрийн ордонд зохион байгуулж байна

"Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум"-ыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр, “2020 онд МУ-ын Засгийн газар түүх, соёл, үнэт зүйлсээ сурталчлан таниулах, төрөөс соёлын талаар бодлогыг хэрэгжүүлэх шинэ шатанд гаргах зорилгоор 24 жилийн дараа дахин Соёлын яамыг байгуулсан. Тус яам аль нэг байгууллагын хавсарга битгий байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Соёл маань бие даасан бодлоготой, яамтай байх ёстой. Бидэнд хөрөнгө мөнгө бага байсан ч Соёлын яам, соёлын бодлого байнга ажлаа явуулж байх ёстой.

Соёлын яам байгуулагдаад удаагүй ч соёлын их бүтээн байгуулалтыг амжилттай үргэлжлүүлж, иргэдийг соён гэгээрүүлэх, соёлын өвийг хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, салбарын ажилтан, уран бүтээлчдийг дэмжих чиглэлээр бодитой арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Соёлын бүтээлч сарын хүрээнд тус салбарт тулгамдаж буй олон асуудлыг хөндөж хэлэлцүүлэг зохион байгуулж, соён гэгээрлийн үйл ажиллагаа зохион байгуулсан нь цаашид баримтлах төрийн бодлогыг бусад бодлогын бичиг баримтуудтай уялдуулан цогцоор нь хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан ажил боллоо гэж үзэж байна" гэв.