Өмнө нь Дэлхийн томчууд Монголд айлчилдаг байв. Одоо ОХУ-ын дэд сайд ирээд ЗАГНАДАГ болжээ

Өмнө нь Дэлхийн томчууд Монголд айлчилдаг байв. Одоо ОХУ-ын дэд сайд ирээд ЗАГНАДАГ болжээ

Энэ сарын 26-ны өдөр ОХУ-ын Засгийн Газрын орлогч дарга, Шадар сайд Виктория Абрамченко Монгол Улсад айлчлах үеэрээ “Байгаль нуурт цутгадаг гол мөрөн дээр усан цахилгаан станц барих Монголын төсөлд ОХУ сөрөг байр суурьтай байгааг” илэрхийлсэн. Тусгаар тогтнолын баярын өдөр жирийн нэгэн албан тушаалтан Монголын төрийн тэргүүнүүдийн өөдөөс тун зоримог мэдэгдэл хийж, “загнаад” явсныг шүүмжлэх иргэн ч олон байв.

Гэвч Монголд жирийн нэг орлогч дарга ирж “загнах” битгий хэл дэлхийн бодлого тодорхойлогч их гүрний удирдагчид айлчлаад явдаг байсан цаг саяхан. Харин сүүлийн жилүүдэд манай улс гадаад харилцааны хувьд үнэхээр “тоогдохоо больсон” нь Монголд ирсэн төрийн тэргүүн нарын айлчлалаас харагдаж байлаа. Ингээд та бүхэнд сүүлийн 10 жилийн хугацаанд Монголд ирж байсан удирдагчдын онцлох айлчлалуудын мэдээллийг хүргэе.

-АНУ-ААС БАРАГ ЖИЛ БҮХЭН МОНГОЛД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙДЭГ БАЙВ-

2011 он. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жоу Байден 2011 оны наймдугаар сард Монголд айлчлал хийж байв.

2012 он. АНУ-ын ТНБД Хилари Родхам Клинтон 2012 оны долдугаар сард Монголд айлчлав

2013 он.  АНУ-ын Сенатийн гишүүн МакКэйн АНУ-ын Конгрессын төлөөллийг ахлан Монгол Улсад айлчлал хийв.

2018 он. АНУ-ын Конгрессын таван гишүүн Монгол Улсад есдүгээр сарын 16-наас 18-ны хооронд айлчлав.

2019 он. АНУ-ын Батлан хамгаалахын сайд гадаад дахь анхны албан айлчлалаа Монгол Улсад хийв

-ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИН МОНГОЛД ГУРВАН Ч УДАА АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙВ-

2008 он. ОХУ-ын Төрийн Думын депутат, олон улсын асуудал эрхэлсэн хорооны гишүүн Р.Кондратов Монголд айлчлав

2009 он. Тавдугаар Ерөнхий сайд В.Путин Монгол Улсад айлчлав

2009 он. ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин айлчилснаас ердөө гурав хүрэхгүй сарын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев Монголд айлчилж байв/Тус айлчлалын хүрээнд хоёр орны хооронд “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Тунхаглал”-д гарын үсэг зурсан ба энэ үеэр байгуулсан гэрээ хэлэлцээр, баримт бичгүүдээс “Цөмийн эрчим хүч, уран олборлолтын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”, “Дорнод уран” хамтарсан үйлдвэр байгуулах тухай хэлэлцээр хийж байв/

2014 оны 9 дүгээр сарын 3-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойгоор Монголд айлчилж байв

2016 он. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монголд албан ёсны айлчлал хийв

2019 он. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад албан ёсны айлчлал хийв/Түүнийг дагалдан тус улсын Гадаад хэргийн сайд С.Лавров, Ерөнхий сайдын орлогч А.Гордеев, Эрчим хүчний сайд А.Новак, Батлан хамгаалахын дэд сайд А.Фомин, төмөр замын РЖД нэгтгэлийн тэргүүн О.Белозеров, Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн К.Дмитриев, «Роснефть»-ийн тэргүүн И.Сечин зэрэг бизнесийн хүрээний төлөөлөл дагалдсан нь айлчлалын ажил хэрэгч чанар, түвшинг тодорхойлж байна. Айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх Засгийн газар, яамд хоорондын нийт 10 баримт бичигт гарын үсэг зурсны дийлэнх нь эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсний зэрэгцээ уламжлалаа сэргээж уул уурхайн салбарт хайгуулын чиглэлээр хамтран ажиллахаар болов/

-БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИН ӨӨРИЙН БИЕЭР МОНГОЛД АЙЛЧИЛДАГ БАЙВ-

2010 он. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао Монголд айлчил хийв

2014 он. Ши Жиньпин дарга Монгол Улсад айлчлал хийв/ хоёр тал Хятад, Монголын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшүүлсэнээ зарласан нь хоёр улсын харилцааны шинэ түүхийг нээсэн гэдэг/

2015 он. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монголд гурав дахь удаагаа айлчлал хийв

2018 он. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 8 дугаар сарын 23-наас 25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв

2019 он. БНХАУ-ын дэд дарга Ван Чишань Монголд айлчлал хийв

2020 он. Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлав

-ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙД АСАН ШИНЗО АБЭ ГУРВАН Ч УДАА МОНГОЛД АЙЛЧИЛЖ БАЙВ-

 

2013, 2015 онуудад Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монголд айлчлал хийв/ Шинзо Абэ Японы Ерөнхий сайдын албанд томилогдсон даруйдаа айлчилсан 3 дахь улс нь Монгол байв/

2016 оны 7 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад 3 дахь удаагаа айлчилж, АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож байв

2017 он. Японы парламентын  Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима манай улсад айлчилж байв. Мөн онд Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь  Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Ш.Хаяши тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлав.

2018 он. Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга А.Гүнжи тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 10 дугаар сард Монгол Улсад айлчлав.

-ГЕРМАНЫ КАНЦЛЕР АНГЕЛА МЕРКЕЛЬ МОНГОЛД ИРЖ БАЙВ-

2011 онд ХБНГУ-ын Канцлер А.Меркель Монгол Улсад 10 дугаар сарын 12-ноос 13-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийв/ 2011 оны 9-10 сарын хооронд Монголд айлчлаад буцсан гадаадын улс орны тэргүүнүүдийн зургаа дахь нь ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель болж байжээ/

2013 онд ХБНГУ-ын Бундестагийн Дэд Ерөнхийлөгч Эдуард Освальд тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлав.

2013 онд ХБНГУ-ын Бундестагийн Өргөдлийн байнгын хорооны дэд дарга Геро Сторжоханн тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийв.

-ЭНЭТХЭГИЙН ЕРӨНХИЙ САЙД МОДИ МОНГОЛД ӨӨРИЙН БИЕЭР ИРЖ 14 БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ БАЙВ-

2011 он. Энэтхэгийн Ерөнхийлөгч хатагтай Патил Монгол улсад айлчлах үеэр байгуулагдсан Батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагааны гэрээний дагуу “Нүүдэлчин заан” хэмээх хоёр орны цэргийн хээрийн сургуулийг амжилттай хамтран зохион байгуулж байна.

2015 он. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны 5-р сарын 14-16-ны хооронд Хятад улсад айлчилсныхаа дараагаар Монгол улсад ирж байв/ Моди айлчлалынхаа үеэр нийт Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийн тухай, Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай зэрэг 14 баримт бичигт гарын үсэг зурж байв/

2018 он. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж Монголд ирж байв.