"Өмнөд Суданаас ирсэн алба хаагчдаас өдрийн 100 мянган төгрөг авч тусгаарлаж байна" гэв

"Өмнөд Суданаас ирсэн алба хаагчдаас өдрийн 100 мянган төгрөг авч тусгаарлаж байна" гэв

Энэ арваннэгдүгээр сарын 27-ны өдөр /2021.11.27/ Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад коронавирусийн шинэ мутаци бүртгэгдэж дэлхийн нийтийн анхаарлын төвд ороод байв.

Тус мутациас үүдэн зарим улс орнууд Өмнөд Африкийн бүс нутагт хилийн хориг тавьж эхлээд байсан билээ. Мөн тус өдөр манай улсын 200 гаруй энхийг сахиулагч Өмнөд Судан улсаас ирсэнд Засгийн газраас яаралтай хуралдан энхийг сахиулагчдыг 10 хоног тусгаарлаж, ажиглалт хийх шийдвэр гаргаад байсан юм.

Гэтэл тус талаар энхийг сахиулагчдын ар гэр бидэнд өгсөн мэдээлэлдээ, “Өмнөд Африк болоод Өмнөд Судан хоёр өөр улс бөгөөд Өмнөд суданд мутацилагдсан тохиолдол одоог хүртэл илрээгүй байгаа. УОК-ын мэдээллээр тус шинэ мутаци тархсан орнуудаас ирсэн иргэдийг л тусгаарлана гэсэн атал эдгээр алба хаагчдыг тусгаарлаж, өдрийн 100 мянган төгрөг авч байгаа нь мөнгө завших гэсэн үйлдэл байж болзошгүй” хэмээн бидэнд мэдээлэв.

Харин бид БХЯ Жанжин штабын Энхийг сахиулагчдын дэмжих хэлтсээс тодруулахад, “Одоогоор тийм зүйл байхгүй. Цэргийн амралтад 10 хоног тусгаарлаж буй энхийн сахиулагчдын бүх зардлыг Батлан Хамгаалах Яамнаас 100 хувь хариуцаж дааж байгаа” гэв.