ВИДЕО: Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ

ВИДЕО: Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Хятадын засгийн газар жолоочгүй такси үйлчилгээг явуулах зөвшөөрлийг тус улсын хайлтын системээрээ алдартай "Байду" компанид олгожээ.

“Apollo Go” төслийн нээлтийн ажиллагаа Бээжингийн Эдийн засаг, технологийн хөгжлийн төвд болсон бөгөөд эхний ээлжид 100 хүртэлх тооны таксиг замын хөдөлгөөнд оролцуулах юм байна. Байду компанийн захирал Робин Лигийн мэдэгдсэнээр тус компани 2025 он гэхэд хятадын 65 хотод, 2030 он гэхэд 100 хотод жолоочгүй такси үйлчилгээгээ нэвтрүүлэхийг зорьж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт Байдугийн өрсөлдөгч Алибаба групп өөрийн AutoX төслийн хүрээнд Шэньжэнь хот дахь жолоочгүй такси үйлчилгээний хамрах хүрээг тэлж буйгаа зарласан билээ.

Байду болон Pony.ai стартап компаниудын хамтран хөгжүүлсэн “роботакси” Бээжин хотын өмнөд дүүрэг Ижуанд явж эхэлсэн байна. Таксийг хиймэл оюуны систем жолооддог хэдий ч жолооны ард компанийн ажилтан байнга сууж, болзошгүй ослоос сэргийлэх ажээ. Нэг таксинд хоёроос илүү зорчигч суухгүй бөгөөд чиглэлээ сонгох, төлбөр төлөх зэрэг бүх ажиллагаа нь автоматчилагдсан аж. Түүнчлэн зорчигчид суухаасаа өмнө ухаалаг гар утасны аппликейшн дээр өөрийн биеийн байдал, эрүүл мэндийн байдлыг шалгуулах бөгөөд зорчигчид хамгаалалтын бүсээ зүүх хүртэл хөдөлж эхлэхгүй.

Байду компанийн Автономит жолоодлогын технологийн дэд ерөнхийлөгч бөгөөд ерөнхий менежер Ван Юнпэн мэдэгдэлдээ " Автономит жолоодлогыг арилжааны хэлбэрт оруулах нь түгжрэлийг үр дүнтэйгээр багасгаж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт дээд цэгт хүрч, Хятадад нүүрстөрөгчийн саармагжилтыг хангахад тусална" гэжээ. Зорчигчид таксийг захиалахдаа “Luobo kuaipao” нэртэй гар утасны аппликэйшнийг ашиглаж, 600 зогсоолоос аль өөрт ойр байгаа таксинд сууж үйлчлүүлэх аж. Нийт 67 такси 5.9 км тутамд хоёр юань орчим төлбөртэй үйлчилж эхэлжээ.

Эх сурвалж: NIKKIE ASIA, AFP