Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо олны нэрлэж заншсанаар Тасганы овоон дээр “Богд Зонхов” бурхны хөшөө бүхий цогцолборыг 32 тэрбум 490 сая 800 мянган төгрөгөөр барих Соёлын сайд Ч.Номингийн багцыг УИХ-аар дэмжиж, баталсан талаар бид анх /2021.11.20/ мэдээлсэн билээ.
Тэгвэл “Богд Зонхов” бурхны хөшөөг барихаар нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага байгуулжээ.
Тодруулбал, 2020 оны наймдугаар сарын 27-ны өдөр "Монголын бурхны шашинтны нийгэмлэг богд зонхов төв" ашгийн төлөө бус байгууллагыг гурван хүний гишүүнчлэлтэйгээр байгуулжээ.
Тус төвийн гүйцэтгэх захирлаар Шагжийн Жамбаа, удирдах зөвлөлийн даргаар Нямааноровын Түвдэнгомбо, гишүүнээр Жадогийн Түлкү гэх хүн бүртгэгдсэн байна. Мөн тус байгууллага нь үйл ажиллагааны чиглэлээ "Нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд хүмүүнлэгийн туслалцаа дэмжлэг үзүүлэх" хэмээжээ.
Гэтэл "Монголын бурхны шашинтны нийгэмлэг богд зонхов төв" ашгийн төлөө бус байгууллага нь Түүх шашны соёлыг дэлгэрүүлэх төв "Богд зонхов"-ын загвар зураг боловсруулахад оролцсон нь баримтаар ил болов.
Түүнчлэн, тус загвар зургийг "Дамарбаян" ХХК гүйцэтгэн боловсруулж, Соёлын дэд сайд М.Батбаяр, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд хот байгуулалтын хөгжлийн газрын дарга Ц.Тулга нар баталсан байна.
Ямартай ч 32 тэрбум төгрөгийн өртөгөөр сүндэрлэх гэж байсан "Богд зонхов" бурхны хөшөөг барихын тулд НҮТББ-ыг байгуулж, загвар зураг боловсруулахад оролцсон байгаа нь мөн анхаарал татаж байна.