Өнгөрсөн Бямба гараг/2021.11.13/-т АНУ-ын Мичиган мужийн Бивер арлын ойролцоо нисэж явсан хос хөдөлгүүртэй жижиг онгоц осолдож, дөрвөн хүн амиа алджээ.
Онгоцонд таван хүн сууж явсан бөгөөд 11 настай охин ганцаараа амьд үлдсэн юм. Тэгвэл түүний аав болох Майк Перду ослын үеэр охиноо хамгаалан, өөрөө амь үрэгдсэн талаар ойр дотнынхон ярьжээ.
Пердугийн эхнэр хэвлэлд ярилцлага өгөхдөө “Онгоц унах үеэр Перду охиноо бүх чадлаараа тэвэрч, хааж чадсан. Түүний ачаар охин маань амьд үлдсэн. Хүн бүхэн түүнийг хэн болох, охиныхоо төлөө амиа өгснийг мэдээсэй гэж би хүсэж байна” гэжээ.
Хос дөрвөн хүүхэдтэй. Ослын үеэр амьд үлдсэн охин нь тэдний хамгийн бага хүүхэд аж. Охин хэд хэдэн газартаа бэртэл авч, хоёр удаа хагалгаанд орсон ч амь насанд нь аюулгүй хэмээн эмч нар нь хэлсэн байна. Охин цагдаа нарт “Аав намайг маш чанга тэвэрч байснаас өөр юу ч санахгүй байна” гэж хэлсэн аж.
Холбооны Нисэхийн Захиргаа(FAA)-ны мэдээлснээр “Бриттон-Норман BN2P” нэртэй тус онгоц орон нутгийн цагаар 14:30 цагийн орчимд осолджээ. Энэ үеэр АНУ-ын эргийн хамгаалалтын алба (USCG) тус бүсэд сургалтын нислэг хийж байсан бөгөөд ослын дохиог хүлээн авсны дараа тусламж үзүүлэхээр очсон байна.
Эх сурвалж: CNN