COP26: "Нүүрсний хэрэглээг үе шаттай зогсоох" саналыг БНХАУ, Энэтхэг улсууд "үе шаттай бууруулах" болгож өөрчлөв

COP26: "Нүүрсний хэрэглээг үе шаттай зогсоох" саналыг БНХАУ, Энэтхэг улсууд "үе шаттай бууруулах" болгож өөрчлөв

Шотландын Глазго хотноо болсон дэлхийн удирдагчдын COP26 дээд хэмжээний уулзалт бямба гараг/2021.11.13/-т өндөрлөлөө.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын уг чуулган төлөвлөгөө ёсоор баасан гарагт өндөрлөх байв. Гэвч БНХАУ, Энэтхэг улсын зүгээс баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргасны улмаас ийнхүү нэг хоног сунаж хуралджээ.

Тодруулбал, нүүрсний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэх байр эзлэх тус улсууд баримт бичигт тусгагдсан “нүүрсний хэрэглээг үе шаттайгаар зогсоох” гэсэн үгийг “нүүрсний хэрэглээг үе шаттайгаар бууруулах” гэж өөрчлөх санал гаргасан байна.

Ийнхүү нэг өдөр сунаж дахин хуралдсаны эцэст бусад орон ч уг нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрчээ. Хэдийгээр нүүрсний хэрэглээг бүрэн зогсоох саналыг уг баримт бичигт оруулаагүй ч “бууруулах” төлөвлөгөөг дурдсанд улс орны тэргүүлэгчид олзуурхаж буйгаа хэлжээ.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Улс орнууд нүүрсний хэрэглээг "үе шаттайгаар зогсоох" бус зөвхөн "үе шаттайгаар бууруулах" гэдэг дээр тохиролцсон ч энэ бол гайхалтай амжилт” гэв.

COP26-д дэвшүүлсэн гол зорилтуудын нэг нь дэлхийн дулаарлыг 2100 он гэхэд 1.5 Цельсээс хэтрүүлэхгүй байх явдал юм. Гэвч “Climate Action Tracker” группийн тайланд дурдсанаар одоогийн байдлаар дэлхийн дулаарал 2.4 Цельс байгаа аж. Тиймээс улс орнуудын удирдагчид ирэх жил дахин хуралдаж, 1.5С-ийн зорилтод хүрэхийн тулд нүүрсхүчлийн хийг дахин яаж бууруулж болохыг хэлэлцэх аж.

Эх сурвалж: CNBC, ВВС