Ө.Энхмандах: Тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлөөр тийм үйлдэл гаргаж байсан болохоор “нандин” мөчөө дахиж давтаад байхыг хүсдэггүй

Ө.Энхмандах: Тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлөөр тийм үйлдэл гаргаж байсан болохоор “нандин” мөчөө дахиж давтаад байхыг хүсдэггүй

Сүүлийн гурван долоо хоногийн турш цахим сүлжээнд өхөөрдөм, эгдүүтэй дүр төрхөөрөө бусдын хайрыг булааж, “мийм” бүрийн бай болсон Ө.Энхмандахтай уулзаж ярилцлаа.

ВИДЕО:

-Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргэе. Үзэгч, уншигчиддаа өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Намайг Өлзий-Оршихийн Энхмандах гэдэг. Одоо 20 настай. МУИС-д Төрийн удирдлагаар суралцдаг.

-Ойрын үед цахим сүлжээнд таны “Ингэсэн үү дээ” бичлэг их хандалт авч, албан байгууллагууд хүртэл өөрсдийн зар сурталчилгаа болон мийм зэрэгт ашиглаж байна. Тэр бичлэгийн талаараа хуваалцахгүй юу?

-Тэр бичлэгийг найз залуу бид хоёр бүжгийн бэлтгэлээ тараад явж байгаад бичсэн. Би тухайн үед амттай юм идмээр санагдаад, тэгээд л гүжирдэж байсан юм/инээв/. Үерхлийн нэг чамин хэсэг байдаг шүү дээ. Найз залуу маань намайг байнга эрхлүүлдэг юм. Тэр өдөр харин нууцаар бичээд бид хоёрын нээгээд удаагүй фэйсбүүк хуудас дээрээ тавьчихсан байсан. Тэрэндээ блог маягийн бичлэгүүд оруулдаг учраас өөрсдийн дурсамжтай бичлэгүүдээ тавиад орхичихдог. Тэрэнд л оруулчихсан байсан хүмүүст их хүрсэн байна лээ.

-Трэнд болно гэж бодож байв уу? Өмнө нь бас найз залуугийнхаа гарыг хаздаг бичлэг их түгсэн байсан шүү дээ? Тэрнээс санаа авав уу?

-Ерөөсөө тэгж их хүнд хүрнэ гэж бодоогүй. Найз залуу тавьчихсан байхаар нь тоохгүй хаячихсан байсан чинь л явчихсан байсан. Тэр гарыг нь хаздаг ч бас “youtube”-д орно гэж бодоогүй. Цуг Архангай явж байгаад надад гараа өгөхөөр нь гайхаад тэгээд л хазчихсан шүү дээ.

-Ингэж трэнд болсноос хойш байгууллагаас янз бүрийн зар сурталчилгааны санал ирсэн үү?

-Тийм. “Ингэсэн үү дээ” бичлэг чинь зүгээр л хоёр хосын бие биедээ эрхэлж туньж байгааг л илэрхийлсэн. Тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлөөр, тийм нэг нандин зүйл учраас нээх байнга хэлээд байхыг хүсдэггүй. Одоо ч яг дахиж тэр үеийнх шигээ гарахгүй болов уу.

-Бичлэг түгснээс хойш хүмүүсийн сэтгэгдэл янз бүр байсан нь ажиглагдсан байх. Зарим нь сайхнаар хүлээж авч байхад, зарим нь арай хэтрүүлж хүлээж авсан шүү дээ. Тэр бүрийг яаж хүлээж авав?

-Эхлээд тоохгүй орхичихсон байсан. Бичлэгээ хийгээд л хаячихсан. Тэгсэн баахан “мийм”-үүд гарч ирээд мэдсэн. Тэгсэн ч гайгүй санагдаж байсан чинь сүүлдээ гутарсан л даа. Саяхан л нэг бичлэг оруулсан байсан доор нь нэг хүн “Энэ чинь угаасаа ийм сэтгэцийн өвчтэй юм биш үү?” гээд биччихсэн байсан. Тэр ч бас хүнд туссан. Найз залуудаа “Ёохх яах гэж хийсэн юм бэ?” гэж уурласан. Сүүлдээ яах аргагүй дассан.

Тэгээд шүүмжилж байгаа хүмүүстээ хандаж хэлэхэд, Яахав ээ. Илүү ихийг хийнэ. Илүү их шүүмжлээрэй. Тэр тусам нь илүү тод гэрэлтэнэ ээ гэж л хэлье дээ. Харин намайг дэмждэг эгдүүтэй гэсэн бүгдэд нь хайртай шүү. Баярлалаа.