"Фэйсбүүк" компани нэрээ “META” болгон өөрчиллөө

"Фэйсбүүк" компани нэрээ “META” болгон өөрчиллөө

Хэдэн хоногийн өмнө "Фейсбүүк" компани нэрээ өөрчлөх гэж байгаа талаарх мэдээлэл цацагдсан билээ. 

Тэгвэл өнгөрсөн шөнө Марк Цукерберг компанийнхаа нэрийг "Meta" болгон өөрчснөө зарлалаа. Тус компани нийгмийн сүлжээнээс гадна “metaverse” хэмээх цоо шинэ салбарт төвлөрч ажиллах болсон учраас ийн шинэчлэл хийж байгаа аж. Энэ нь хүмүүс интернэт орчинд виртуал болон бодит амьдралыг хослуулан ажиллаж, амьдрах тухай ойлголт юм.

Цукербергийн үзэж байгаагаар ирэх арван жилд тэрбум орчим хүн метаверс ертөнцөд нэгдэх аж. Түүний хэлж буйгаар “Facebook” хэмээх нэр тус компанийн бүх үйл ажиллагааг илэрхийлэх боломжгүй болсон байна. Тэрбээр “Өнөөдөр биднийг сошиал медиа компани гэж хардаг. Үнэндээ бид бол хүмүүсийг хооронд нь холбох технологийг бүтээдэг компани юм” гэжээ.

Түүнчлэн энэ өөрчлөлт Facebook, Instagram, Whatsapp зэрэг платформуудад хамаарахгүй бөгөөд зөвхөн тэдгээрийг эзэмшдэг толгой компанид хамаарах юм байна. Тус компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт гарахгүй, бүтээгдэхүүнүүд нь цаашдаа одоогийн нэрээрээ үргэлжлүүлэн ашиглагдах бол 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн компанийн хувьцаа нь хөрөнгийн зах зээлд “MVRS” хэмээх шинэ нэрийн дор арилжаалагдаж эхлэх юм.