"Дүүжин тээвэр"-ийн төсөлд зориулан ТӨҮГ-ыг байгуулж төсвийн мөнгөнөөс 295 сая төгрөгийг гарлагаджээ

"Дүүжин тээвэр"-ийн төсөлд зориулан ТӨҮГ-ыг байгуулж төсвийн мөнгөнөөс 295 сая төгрөгийг гарлагаджээ

2019 оны аравдугаар сараас эхлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайхан нийслэлийн алслагдсан бүсүүдэд агаарын дүүжин тээвэр барих төслийг танилцуулж  байв. Энэхүү дүүжин тээврийн төслийн нийт өртөг нь 60.7 сая евро буюу 180 орчим тэрбум төгрөг. Францын Засгийн газрын санхүүжилтээр 2020-2021 онд “Дүүжин тээвэр” ТЭЗҮ-г хийж дуусгах бөгөөд тус улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хийнэ гэж мэдэгдсэн. Үндсэндээ Францын тал үндсэн зээлийн төлөлтөөс 12 жил чөлөөлөх нөхцөлтэйгээр 60.7 сая еврогийн зээлийг олгох бөгөөд хөнгөлөлттэй зээл нь жилийн 0.07 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай байна гэж танилцуулсан юм.

Тухайн үед Нийслэлийн Засаг дарга байсан С.Амарсайхан "2021 оны зургаадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3,4 дүгээр хороолол чиглэл ашиглалтад орно” хэмээн хэлж байв. Гэтэл өнөөдрийн байдлаар энэ ажлын бүтээн байгуулалтын нэг тоосго тавигдаж, нэг утас татагдаагүй байна. 

Мөн тус төсөлд зориулж "Дүүжин замын тээвэр" төрийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулж 2022 оны төсвөөс 414 сая төгрөгийг төсөвлөжээ. Тус үйлдвэрийн газрыг 2020 оны нэгдүгээр сард байгуулсан бөгөөд гуравдугаар улирлын байдлаар цалин болон байрны зардал бусад зардалд 295 сая төгрөгийг зарлагдсан байна. 

Ямартай ч тус байгууллага нь юу хийдэг, хаана байрладаг нь тодорхойгүй  байна. Бас нэгэн мэдээлэл хүргэхэд, 2018 онд “Нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” хэмээх төслийн дагуу манай улсад өнгөрсөн онд “Тусгай замын автобус буюу BRT /Bus Rapid Transit/” явж эхлэх байсан. Гэтэл Азийн хөгжлийн банкны 247 сая ам доллараар санхүүжүүхээр байсан уг төслийг тухайн үеийн хотын удирдлагууд  гацааж, хөрөнгийг нь дээрх дүүжин тээврийн төсөл рүү татсан байдаг. 

Харамсалтай нь энэхүү агаарын гэх тээврийг дэлхийн улс орнууд нийтийн тээвэр бус аялал жуулчлалын зориулалтаар хэрэглэх нь их, мөн манай улсын цаг агаарын нөхцөлд тохиромжгүй, мөн санхүүжилтийг удаан хугацаанд царцаасан гэсэн шалтгаанаар Азийн хөгжлийн банкнаас дээрх мөнгийг татахаар болсон байдаг.  Энэ мэтчилэн улсын хөгжилд саад болж, өөрсдийн эрх ашигт нийцүүлэн, мөнгө идэх гэж оролддог удирдлагуудаас болж Улаанбаатар хотын мянга, мянган иргэд гэртээ харих гэж 2-6 цаг түгжирч, бороо цас орохвий гэхээс дотроо битүүхэн айж, явган хүнд тохиромжгүй энхэл донхолтой замаар бүдэчсээр өдөр хоногийг өнгөрүүлж байна. 

Т.ЭНХЭЛЭЭ