Өнгөрсөн наймдугаар сард автомашинаа голын уснаас татаж гаргах гэж байгаад живсэн иргэнийг дахин эрэн хайж эхэлжээ

Өнгөрсөн наймдугаар сард автомашинаа голын уснаас татаж гаргах гэж байгаад живсэн иргэнийг дахин эрэн хайж эхэлжээ

Өнгөрөгч наймдугаар сарын 31-ний өдөр /2021.08.31/ Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар “Орхон” голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон иргэн Л 44 настай эрэгтэй живсэн тухай дуудлагыг есдүгээр сарын 02-ны өдөр Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус дуудлагын дагуу есдүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тус иргэнийг хайсан боловч үр дүнд хүрээгүй тул 23-ны өдөр эрлийн ажиллагааг зогсоогоод байжээ.

Тэгвэл иргэн Л-ийн ар гэрийнхний зүгээс саяхан дахин хүсэлт өгсний дагуу энэ аравдугаар сарын 12-ны өдрөөс Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг эхлүүлж, өчигдрийн байдлаар Орхон сумын Халиун багийн Уушгийн гарам гэдэг газраас Элст нуга гэдэг газар хүртэл 8 км-т завиар болон голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:20 цагт түр зогсоож, өнөөдөр /2021.10.14/ өдрийн 07:00 цагт эхлүүлсэн байна.