Сангийн яамнаас “Коронавируст халдварын цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай” хуулийн төслийг холбогдох газруудаас санал авч нэгтгэж, боловсруулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Тодруулбал, энэхүү хуулийн төсөлд, “Амьтан агнах, барих тоог хоёр дахин нэмэгдүүлэх, Мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг тарьж ургуулах, Казино, Хурдан морины бооцоот уралдаан, Тааварт бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрөх” зэрэг ноцтой заалтуудыг оруулсан байгаа юм.
Товчхондоо, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, Гадаад нэр хүндэд муугаар нөлөөлж болзошгүй ийм ноцтой хуулийг санаачлаад сууж байгаа хүн энэ төрд ажиллаж байгаад харамсах сэтгэл төрнө.
-ХУУЛЬ БАТЛАГДВАЛ, ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР БОЛОН ХИЛИЙН БҮСЭД АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЖ БОЛНО-
Тэгвэл дээрхээс гадна тус хуулийн төсөлд мөн хэд, хэдэн ноцтой гэж болох өөр заалтууд оржээ. Тухайлбал, тус хууль батлагдсан тохиолдолд Монгол Улсын хилийн бүсэд “алт зэрэг ашигт малтмал олборлох”-ийг зөвшөөрөх, мөн 10 мянган ам.доллар оруулсан гадаадын иргэнийг хөрөнгө оруулагч хэмээн үзэх ажээ.
Тодруулбал хуулийн төслийн;
- 27.1.1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт болон хил орчмын нутаг дэвсгэрт ашигт малтмал, газрын тос олборлох үйл ажиллагааг Засгийн газрын өргөн мэдүүлснээр шийдвэрлэх” гэж тусгажээ.
- Мөн 12.1-д Энэ хуулийн үйлчлэх хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь арван мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс доошгүй байна гэжээ.
-ХУУЛЬ БАТЛАГДВАЛ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ГЭРЭЭГЭЭ ГУРВААС ДООШГҮЙ ЖИЛЭЭР ХИЙЖ БОЛНО-
Улмаар тус хууль батлагдвал төрийн өмчит газрууд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээгээ гурваас дээш жилээр эсвэл шууд хийж болох ажээ.
Тодруулбал хуулийн төслийн;
- 9.1-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр байнгын хэрэгцээтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авах гэрээг үнэ болон бусад нөхцөлийг нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчтэй тохирч гурваас доошгүй жилээр байгуулж болно.
- 9.2-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг өөр ажил, бараа, үйлчилгээгээр орлуулшгүй бол гэрээг албан ёсны дистрибьютер, төлөөлөгчтэй шууд байгуулж болно.
Мөн хууль батлагдсан тохиолдолд, МСҮТ-ийг хувьчилж суралцагчид тэтгэлэг олгох санхүүгийн дэмжлэгийг төрөөс үзүүлнэ гэж заажээ.
Тухайлбал, хуулийн төсөлд;
- 10.5 -д Хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйн чиг хандлага, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын үйл ажиллагааг томоохон аж ахуй нэгж болон мэргэжлийн нэгдсэн холбооны дэргэд эрхлэхийг дэмжиж, төрийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагыг хувьчилна.
- 10.6 -д Энэ хуулийн 10.5-д заасан мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын байгууллагад хувьсах зардал, урамшуулал, суралцагчид тэтгэлэг олгох санхүүгийн дэмжлэгийг төрөөс үзүүлнэ гэжээ.