Сангийн яамнаас “Коронавируст халдварын цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай” хуулийн төслийг боловсруулсан байна. Ингээд тус төслийг УИХ-ын намрын чуулганы 10 дугаар сарын хэлэлцэх асуудалд оруулж батлуулж, “хууль” болгож магадгүй байна.
Харин тус хууль батлагдвал “коронавирусийн улмаас эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах” ажээ. Мөн хуулийн төслийн 2.3-д “Энэ хуулийн зохицуулалт бусад хуультай зөрчилдвөл энэ хуулийг хэрэглэнэ”, 2.5-д “Энэ хууль 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчилнэ” гэж заажээ.
Товчхондоо, энэ хууль нь бусад хуультай зөрчилдвөл энэ хуулийг мөрдөх бол, тус хууль 2025 оныг хүртэл мөрдөгдөх аж.
-ХУУЛИЙН ТӨСӨЛД “ЭМИЙН ЗОРИУЛАЛТТАЙ МАНСУУРУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ УРГАМАЛ ТАРИАЛЖ, АМЬТАН АГНАХ ТООГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛНЭ” ГЭЖЭЭ-
Ингээд коронавирусийн эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулахын тулд, “Мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг эмийн зориулалтаар тариалж”, “Амьтан агнах, барих тоог хоёр дахин нэмэгдүүлж”, “Казиногийн үйл ажиллагаа, Хурдан морины бооцоот уралдаан явуулах зөвшөөрөл”-ийг олгоно гэж тус хуулийн төсөлд тусгажээ. Хамгийн ноцтой нь хуулийн төслийн “13 дугаар зүйл. Экспортыг дэмжих” хэмээгээд “мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг тарьж ургуулж болно” гэжээ.
Тодруулбал, Хуулийн төслийн;
- 13.5-д Эмийн найрлагад ордог мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг зөвхөн экспортлох зорилгоор харуул хамгаалалтын дэглэмтэй бүсэд тарьж ургуулж болно.
- 13.6-д Энэ хуулийн 13.5-д заасан тусгай зөвшөөрлийг Засгийн газар олгож, бүсийн дэглэм, үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой журмыг тогтооно.
- 13.7-д Энэ хуулийн 13.6-д заасан тусгай зөвшөөрөлтэй этгээдийн тарьж ургуулсан мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг экспортоор гаргахыг зөвшөөрнө.
16 дугаар зүйл. Амьтан агнах тусгай зөвшөөрөл
- 16.1-д Агнуурын аялал жуучлалыг дэмжих зорилгоор сүргийн бүтцийг алдагдуулахгүйгээр тооцоо, судалгаанд үндэслэн аргаль хонь, янгир ямаа, идлэг шонхор агнах, барих тусгай зөвшөөрлийн хэмжээг Засгийн газрын 2020 онд олгосноос хоёр дахин нэмэгдүүлэх.
- 6.2-д Энэ хуулийн 16.1-д заасан тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар дотоодын аж ахуй нэгж, байгууллагад олгох бөгөөд тусгай зөвшөөрөл авсан аж ахуй нэгж, байгууллага тусгай зөвшөөрлөө гуравдагч этгээдэд худалдахыг хязгаарлахгүй" гэжээ.
-“КАЗИНО, ХУРДАН МОРИНЫ БООЦООТ УРАЛДААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЗАСГИЙН ГАЗРААС 35-100 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХУРААМЖТАЙ ОЛГОНО” ГЭЖЭЭ-
Ихэнх улс орнуудад казино болон хурдан морины бооцоот тойруулгын газрууд байдаг. Эдгээр нь улс орны эдийн засагт өгөх өгөөж өндөр ч, нийгэмд багагүй сөрөг нөлөө үзүүлдэг гэж үзэх иргэд ч цөөнгүй байдаг. Тухайлбал, манай улсад хурдан морины бооцоот тойруулга бий болсон тохиолдолд бага насны хүүхдээр морь унаж, уралдуулах уу гэсэн асуулт ч гарна.
Тэгвэл Сангийн яамны боловсруулсан дээрх хуулийн төсөлд казино, хурдан морины бооцоот тойруулгын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Засгийн газраас 10 жилийн хугацаатай олгоно гэж тусгажээ. Тодруулбал,
18 дугаар зүйл. Казиногийн үйл ажиллагаа эрхлэх
- 18.2-д Казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эдийн засгийн үр өгөөжтэй аялал жуучлалыг хөгжүүлэх боломжтой хоёр хүртэлх бүс нутагт олгоно. Казиногийн аялал жуучлалын бүс нутгийг Засгийн газар тогтооно.
- 18.3-д Казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаагаар олгоно.
- 18.5-д Казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид дараах зүйлийг хориглоно:
18.5.1 Монгол Улсын иргэнд үйлчлэх
18.5.2 21 нас хүрээгүй гадаадын иргэн, харьяалалгүй хүнд үйлчлэх
18.5.3 Зөвшөөрөл казиногийн байгууламжаас гадна үйл ажиллагаа явуулах
- 19.1 Казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь (нэг зуун мянган)америк долларын хураамж төлнө.
- 19.2 Казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь долоо хоног бүр орлогын 25 хувьтай тэмцэх татварыг улсын төсөвт төлнө.
20 дугаар зүйл. Хурдан морины бооцоот уралдааны үйл ажиллагаа эрхлэх
- 20.2 Хурдан морины бооцоот уралдааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо Засгийн газар эдийн засгийн үр өгөөж, аялал жуучлалыг хөгжүүлэх боломжийг харгалзан 2 байршил тогтооно.
- 20.3 Хурдан морины бооцоот уралдааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай олгож, мөн хугацаагаар сунгана.
- 21.1 Хурдан морины бооцоот уралдааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 35,000 (гучин таван мянган) америк долларын хураамж төлнө.
- 21.2 Хурдан морины бооцоот уралдааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь долоо хоног бүр орлогын 25 хувьтай тэмцэх татварыг улсын төсөвт төлнө.
Мөн хууль батлагдсан тохиолдолд бооцоот тоглоомын үйл ажиллагааг зөвшөөрөх аж. Тодруулбал, 22 дугаар зүйл. Тааварт бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх;
- 22.1 Тааварт бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
- 22.2 Тааварт бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 хүртэлх жилийн хугацаатай олгоно" гэжээ.