Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын үед АТГ-ын мөрдөгчийн хууль зөрчиж томилсон байж магадгүй татварын байцаагч нарын дүгнэлт шүүх дээр бусдыг яллах баримт болж байна

Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын үед АТГ-ын мөрдөгчийн хууль зөрчиж томилсон байж магадгүй татварын байцаагч нарын дүгнэлт шүүх дээр бусдыг яллах баримт болж байна

Иргэний хуулийн дагуу хамтран ажиллах гэрээ байгуулан гэрээний үүргээ ягштал биелүүлж ирсэн "Эрдэнэт үйлдвэр" болон "Ачит Ихт" компанийн дундуур хуулийн байгууллага "зүсэж" ороод нэгнийх нь удирдлагыг ялд, нөгөө компанийг нь их хэмжээний төлбөрт унагасан талаарх баримтад мэдээллийг бид цувралаар хүргэж байгаа билээ.

Тэгвэл энэ удаад 10 жил орчим үргэлжилсэн "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед эрчимжүүлж, улмаар  АТГ-ын мөрдөгч хууль зөрчсөн байж болзошгүй тогтоолоор Татварын улсын байцаагч нарыг дахин шинжээчээр томилж, "Хэрэв" гэх хийсвэр төсөөллөөр тоо бодуулж, түүнийг нь "Ачит Ихт" компаниар төлүүлэх "төлөвлөгөө" байж болзошгүй үйл явдал өрнөсөн асуудлыг хөндөж байна.

ВИДЕО: 

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнг 2017 оноос эхлэн шалгаж эхэлсэн бөгөөд түүнд холбогдох хэрэгт 2020 оны нэгдүгээр сард “Ачит Ихт” компанийг иргэний хариуцагчаар татсан байдаг. Ингэхдээ АТГ-ын мөрдөгч Ц.Даваацэрэнтэй хувийн таарамжгүй харилцаатай Татварын улсын байцаагч Д.Батжаргал гэх хүнийг хууль зөрчсөн байж магадгүй тогтоолоор шинжээчээр томилж, улмаар тухайн татварын байцаагчийн Ц.Даваацэрэнг шүүхээс өмнө "ялласан" гэж хэлж болохуйц дүгнэлтээр "Ачит Ихт" компанийг иргэний хариуцагчаар татаж байсан байгаа юм. Энэ талаарх нийтлэлийг ЭНД дарж уншина уу. 

Тэгвэл "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг АТГ-ын мөрдөгч хууль зөрчиж явуулсан байж болзошгүй үйлдэл үүгээр дуусаагүй.

Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хувийн аж ахуй нэгжүүдийн бизнесийн орчин болоод удирдлагуудынх нь нэр хүндэд халдсан үйлдлийг нэлээдгүй гаргаж байсан. Үүний нэг жишээ нь "Эрдэнэт үйлдвэр"-тэй хамтран ажиллаж ирсэн "Ачит Ихт" компани. Тэрбээр тус компанийн болон удирдлагуудынх нь нэр хүндэд халдсан, ноцтой мэдэгдлийг удаа дараа хийж байсан.

-АТГ-ЫН МӨРДӨГЧ ХУУЛЬ ЗӨРЧСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ТОГТООЛООР ТАТВАРЫН БАЙЦААГЧ Ц.МӨНХТУЯА, С.ТАМИРАА, Т.БАТХИШИГ НАРЫГ ШИНЖЭЭЧЭЭР ТОМИЛЖЭЭ-

Тэгвэл яг энэ үеэр Ц.Даваацэрэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг АТГ-ын мөрдөгч эрчимжүүлж, улмаар 2024 оны тавдугаар сард татварын улсын байцаагч Ц.Мөнхтуяа, С.Тамираа, Т.Батхишиг нарыг хууль зөрчсөн байж болзошгүй тогтоолоор шинжээчээр томилж, мөн л  “Хэрэв Эрдэнэт үйлдвэр Ачит Ихт компанийн 34 хувийг эзэмшсэн бол хэдэн төгрөгийн ногдол ашиг хүртэх байсан бэ” гэсэн болзолт асуулт тавьж байгаад төсөөллийн тоо бодуулсан байгаа юм.  

АТГ-ын мөрдөгч хууль зөрчсөн байж болзошгүй тогтоолоор гэхийн учир нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Татварын байцаагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр оролцохыг хориглосон” гэж заасан. Энэ ч утгаараа “Татварын ерөнхий газраас Хууль шинэчлэгдсэнээс хойш буюу 2020 оноос өнөөг хүртэл Татварын байцаагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр оролцуулах ямар нэгэн шийдвэр гаргаагүй” гэдгийг албаны эх сурвалж мэдээлж байгаа.

Гэтэл ачир дээрээ АТГ-ын мөрдөгчийн “хүсэлт”-ээр Татварын ерөнхий газрын дарга асан Ч.Чимидсүрэн нь дээрх нэр бүхий татварын байцаагч нарыг шинжээчээр ажиллуулахаар нэрсийг цохож байжээ.

-ШИНЖЭЭЧ ТОМИЛОХДОО ҮНДЭСЛЭЛ БОЛГОСОН ЗГ-ЫН ТЭМДЭГЛЭЛИЙН БИЕЛЭЛТИЙГ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ ТҮДГЭЛЗҮҮЛЭВ- 

Нөгөөтээгүүр, Шүүх шинжилгээний тухай хуульд “Эрх бүхий байгууллагаас гаргасан акт, дүгнэлт, тусгай мэдлэг бүхий мөрдөгчийн магадалгаа нь тухайн хэргийг шийдвэрлэхэд хангалттай үндэслэл болж чадахгүй байгаа, эрх бүхий байгууллагаас гаргасан акт, дүгнэлт үнэн зөв, бодитой эсэх нь эргэлзээтэй, эсхүл үнэн зөв бодитой тодорхойлж чадаагүй нь хэрэг, маргаан хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн тохиолдолд эдийн засгийн шинжилгээ хийнэ гэж заасан.

Гэтэл  “эдийн засгийн шинжилгээ хийх үндэслэл тогтоогдоогүй” байхад л АТГ-ын мөрдөгч ийнхүү хоёр дахь удаагаа татварын байцаагч нарыг Ц.Даваацэрэнгийн гэх хэрэгт шинжээчээр томилж, 110 тэрбум төгрөг гэх тоог гаргуулсан байгаа юм.

Хамгийн ноцтой нь АТГ-ын мөрдөгч дээрх нэр бүхий улсын байцаагч нарыг шинжээчээр томилохдоо “Ачит Ихт компанийн үйл ажиллагааг зогсоох”-ыг даалгасан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын тэмдэглэлийг үндэслэл болгосон гэгддэг. Атал тухайн тэмдэглэлийн “Ачит ихт” компанитай холбоотой хэсгийн биелэлтийг Улсын Дээд шүүх хүчингүй болгоод байгаа. Баримт ийм байхад дээрх тэмдэглэлийг үндэслэн АТГ-ын мөрдөгчийн томилсон татварын байцаагч нарын дүгнэлт өнөөдөр шүүх дээр бусдыг яллах баримт болсоор байна.




Өнөөдөр тахиа өдөр

36 минутын өмнө