Өнгөрөгч долоо хоногийн Лхагва гараг/2021.08.11/-ийн Засгийн газрын хуралдаанаар оюутан, сонсогч, цэргийн алба хаагч, ажил хайж буй иргэдийг ургац хураалтад ажиллуулахаар болсон гэж мэдэгдсэн.
Тодруулбал, их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутан, залуучууд, сонсогч, цэргийн алба хаагчид, ажлын байр хайж буй иргэдийг ургац хураалтад ажиллуулах бөгөөд ингэхдээ хөдөлмөрийн гэрээ байгуулж, өдрийн 50 мянган төгрөг болон түүнээс дээш байх боломжтой гэж мэдэгдсэн юм. Тэгвэл уг ажлыг зохион байгуулж буй Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Хөдөлмөрийн төв биржийн захирал Т.Энхмөрөнгөөс зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр “Энэ арга хэмжээнд баг, хамт олноороо сайн ажилласан шилдэг залуусыг тодруулж шагнана. Тухайлбал, нэгдүгээр байранд шалгарсан залуусын нэг жилийн төлбөрийг 100 хувь, хоёрдугаар байр эзэлсэн залуучуудын 80 хувь, гуравдугаар байранд орсон оюутнуудыг 50 хувиар тус тус чөлөөлнө.
Өдрийн цалинг тухайн тариаланчид янз янзаар тогтоож байгаа. Засгийн газар 40-50 мянга гэж ярьж байгаа боловч 8000 гаруй тариаланчид дундаас өдрийн 50 мянган төгрөгийн цалин өгөх хүн байхгүй. 40-50 мянга гэдгийг Засгийн газар уриалга болгож л хэлсэн. Энэ зардал мөнгийг Засгийн газар бус тариаланчид өөрсдөөсөө гаргаж байгаа. Гэтэл иргэд Засгийн газраас 50 мянган төгрөгийн цалинтай ажиллуулна гэсэн ташаа ойлголттой байна” гэв.
ҮЗЭХ: