М.Бөхбат: Саид Моллайн иргэншлийг солиход Ираны талаас биднийг шүүхэд өгсөн

М.Бөхбат: Саид Моллайн иргэншлийг солиход Ираны талаас биднийг шүүхэд өгсөн

Жүдогийн ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Моллай Монгол Улсын иргэншил авч, Токио 2020 олимпын наадамд Монголын нэрийн өмнөөс барилдан мөнгөн медаль хүртсэн.

Түүний Монгол Улсын иргэншил авах болсон шалтгааныг товчхон дурдвал, тэрбээр 2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилтаа батлах, хошой аварга болохын төлөө хүч сорьсон. Тэгэхдээ хагас шигшээд Бельгийн бөх Маттиас Кассед албаар ялагдаж, тавдугаар байр эзэлсэн юм. Учир нь хэрэв тэр ялбал нөгөө талаас Израилийн жүдоч Саги Муки гарч ирэх нь тодорхой байв. Тиймээс түүнтэй барилдахгүйн тулд албаар дийлдсэн юм.

Үүний цаад шалтгаан нь Иранчууд Израилийг одоог хүртэл тусгаар тогтносон улс гэж үздэггүй, улс төрийн үзэл суртлаасаа болж хоёр талын харилцаа эртнээс “адармаатай” байсаар ирсэнтэй холбоотой.

Улмаар Моллай тэмцээний дуусгаж, Иран руу буцалгүй Европ руу дүрвэсэн. Германд орогнож байгаад Монгол Улсын иргэн болох хүсэлт гаргахад, Ерөнхийлөгч асан  Х.Баттулга  түүнийг 2019 оны  арваннэгдүгээр сарын 20-нд “Монгол Улсын харьяат болгох тухай” зарлиг гаргаснаар, С.Моллай Монголын иргэн болсон байдаг.

Энэ талаар олимпын зэрэгтэй шүүгч, Гавьяат дасгалжуулагч М.Бөхбат “Моллайн иргэншлийг солиход Ираны талаас биднийг шүүхэд өгсөн. Иргэншил солих үеийн процесс тун амаргүй байсан” гэж ярьжээ.