Дорнод аймгийн онцгой комиссын 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн хуралдааны шийдвэрээр аймаг, сумдад баяр наадам зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Хуралдааны шийдвэрийн талаар аймгийн Онцгой байдлын газрын дарга, аймгийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Г.Нармандах мэдээлэл өглөө.
- Дорнод аймаг болон сумдад баяр наадам зохион байгуулахгүй. Наадам тэмдэглэн өнгөрүүлэхэд төсөвлөсөн зардлыг Ковид-19 халдвартай тэмцэх ажилд зарцуулна.
- Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, үндэсний сур болон шагайн харваанд аймгаа төлөөлж оролцох бөх, сур, шагайн холбоодын саналыг үндэслэн төрөл тус бүрд 20-иос илүүгүй тамирчныг аймгийн Шуурхай штабын хяналтад зорчуулах боломжтой. Зөвхөн оролцох тамирчид зорчих бөгөөд баталгааны хуудас бөглүүлж, буцаж ирэхэд нь шинжилгээ авч нэвтрүүлэн, тусгаарлах байранд өөрийнх нь зардлаар 7 хоног тусгаарлана.
- 2021 оны долоодугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд Дорнод аймгийн нутаг дэвсгэрээс нийслэл болон өөр аймаг руу адуу тээвэрлэхийг хориглолоо.
- Хот хооронд, сум хооронд зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг 2021 оны долоодугаар сарын 1-10-ны өдрийг дуустал үргэлжлүүлэн дахин 10 хоногоор сунгав.
/Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд болон зөвшөөрөгдсөн ажил үйлчилгээ эрхэлж буй иргэн, зөвшөөрөгдсөн ачаа тээвэрлэлт нь урьдын адил аймгийн Шуурхай штабын www.70584647.mn site-д хүсэлтээ өгч, холбогдох сумын болон аймгийн Шуурхай штабаас зөвшөөрсний дараа зорчино/
- Эрүүл мэндийн сайд болон Сангийн сайдын хамтарсан тушаалын дагуу 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс коронавируст халдварт өртсөн шинж тэмдэггүй болон хөнгөн өвдсөн иргэдийг сумын Онцгой комиссын хяналтад Сум, Өрхийн Эрүүл мэндийн төвд эмчлэх ажлыг зохион байгуулна.
- Зөвхөн гэр бүлийн гишүүдтэйгээ агаар салхинд гарах аяллыг зөвшөөрөх ба хамт олон найз нөхдийн аялал зугаалга зохион байгуулж бүлэг, бөөгнөрөл үүсгэсэн тохиолдолд хариуцлага тооцож ажиллана.
Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ