Наадамд зодоглох бөхчүүд вакцины бүрэн тунгаа хийлгэсэн байх шаардлагатай

Наадамд зодоглох бөхчүүд вакцины бүрэн тунгаа хийлгэсэн байх шаардлагатай

Цар тахалтай холбоотойгоор энэ жилийн наадмын бөхийн барилдааныг үзэгчгүйгээр зохион байгуулах шийдвэр гарсан.

 Түүнчлэн үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Үндэсний бөхийн холбоонд наадмын зохион байгуулалтын талаар чиглэл өгчээ. Уг чиглэлийн дагуу энэ жилийн наадмын бөхийн барилдааны дэг жаягт тодорхой өөрчлөлт оруулжээ. Бөхийн дэвжээд барилдах бөхчүүдийнхээ нэрс, цээж зургийг долдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Монголын үндэсний бөхийн холбоонд албан ёсоор ирүүлэх юм байна. Одоогоор албан ёсны бөхийн дэвжээгүй зарим аймгийн бөхчүүд болон дэвжээдийн бүртгэлдээ орж амжаагүй улс, аймаг, сумын цолтой бөхчүүд долдугаар сарын 4-ний 10:00 цагаас 5-ны 16:00 цаг хүртэл цолны үнэмлэх, цээж зурагтай өөрийн биеэр Монгол бөхийн өргөөнд ирж бүртгүүлэх аж.

Баяр наадмын бөхийн барилдаанд ажиллах жаяг дэгийн багийн гишүүдийн нэрсийг зургадугаар сарын 29-нд гаргаж, Наадмын төв комисс, бөхийн салбар хороо батлах юм байна.

Бөхчүүд болон жаяг дэгийн багийнхан долдугаар сарын 8, 9-нд 08:00-20:00 цагт Монгол бөхийн өргөөнд PCR шинжилгээ өгч, гэнэтийн ослын даатгалд хамрагдан, мандатаа авах аж.

Ингэхдээ вакцины хоёр тунд хамрагдсан байх шаардлагатай юм байна. Барилдах бөхчүүд болон Жаяг дэгийн багийн гишүүд цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн долдугаар сарын 10-ны өглөө 08:00 цагт хуй долоон худаг руу "Тэнгис" кино театрын зогсоолоос нэгдсэн унаанд сууж явна.

Бөхийн барилдаан долдугаар сарын 10-12-нд гурав хоног үргэлжлэх бөгөөд 10-ны 11:00 цагаас нэгийн даваа эхэлж, 16:00 цагаас хоёрын даваа явагдаж, өвдөг шороодсон бехчүүдийг нэгдсэн унаагаар хот руу буцаах гэнэ. Бөхийн дэвжээд долдугаар сарын 8, 9-нд барилдааны талбайгаас нэг км зайтай байрлах хамгаалалтын бүсэд бөхчүүдийнхээ амрах гэр, майхныг барих аж. Бөхийн барилдааны гурвын даваа 11-ний 09:00, дервийн даваа 13:00, тавын даваа 16:00 цагаас явагдана.

                                                                           Эх сурвалж: Өдрийн сонин