Л.Оюун-Эрдэнийн төгссөн “Бэрс” сургууль шаардлага хангаагүй тул коллеж болжээ

Л.Оюун-Эрдэнийн төгссөн “Бэрс” сургууль шаардлага хангаагүй тул коллеж болжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2001 онд “Бэрс” дээд сургуулийг сэтгүүлч, 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн гэдэг. Мөн тэрээр 2015 онд Харвардын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан юм. Нөгөөтэй түүнийг Бэрх тосгонд дунд сургууль дүүргэж, “Бэрс” дээд сургуульд бакалавр эзэмшсэн гэх нь бий.

Иймд бид ЕБС-ийн 12 дугаар ангиа төгсөгчид “мэргэжил”-ээ сонгож байгаа энэ цагт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сэтгүүлч мэргэжлээр суралцаж төгссөн “Бэрс” сургууль одоо үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилдэг талаар сурвалжиллаа.

Бэрс дээд сургууль байсан байр. 2021.06.15

-СУРГАЛТЫН ОРЧИН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ТУЛ КОЛЛЕЖИЙН АНГИЛАЛД ОРЖ БАЙЖЭЭ-

Тэгвэл энэхүү хувийн дээд сургууль нь анх Ч.Гомбосүрэн захиралтай 1993 онд байгуулагдаж 2004 онд дээд сургууль байх шаардлага хангаагүйн дээр ноцтой зөрчил дутагдалтай үйл ажиллагаагаа явуулж байсан гэх шалтгаанаар дээд сургууль байхаа больжээ. Тодруулбал, 2004 онд буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг төгссөнөөс гурван жилийн дараа Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам мэргэжлийн боловсрол олгож буй сургуулиудыг  их сургууль, дээд сургууль, коллеж хэмээн гурав хуваасан байна.

Уг тушаалаар “Бэрс” дээд сургууль нь коллежийн ангилалд орж зэрэглэл буурчээ.

Учир нь тус сургууль “Дээд сургууль”-д байх ёстой ангиллын чухал үзүүлэлт болох шинжлэх ухааны тодорхой чиглэлээр судалгаа шинжилгээний ажил эрхэлж, магистрын төвшний сургалт явуулдаг байх шаардлага, түүнчлэн сургалтын орчинд тавьдаг бусад шаардлагыг тухайн үед хангаагүй байсан тул коллежийн ангилалд ийнхүү орж байжээ. 

Бэрс дээд сургууль байсан байр. 2021.06.15

-БАГШИЙН ХАНГАМЖ, СУРГАЛТЫН БАЙР ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ГЭЖЭЭ-

Харин дараа нь тус коллеж дээр ажилласан Улсын комисс тус газрын үйл ажиллагаанд дараах ноцтой зөрчил, дутагдал байсныг тогтоож байжээ.

Тухайлбал:

  • Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлийн хөтөлбөрийг зохих журмын дагуу боловсруулж, баталгаажуулан мөрдөж байгаа нотолгоогүй,
  • Сургалтыг тогтвортой хөтлөн удирдах багшийн хангамж, мэргэжлийн чадавх, дээд боловсрол олгох сургалтын шаардлага хангаагүй,
  • Сургалт явуулж буй байр нь эрүүл ахуй, мэргэжлийн сургалтын шаардлага хангахгүй,
  • Дээд боловсролын сургалтын байгууллагын номын сангийн үйлчилгээний шаардлагыг хангаагүй

зэргээс хамаарч сургалтын үйл ажиллагаа нь тогтворгүй, чанарын шаардлага хангахгүй, суралцагчдын эрх ашгийг хохироож байна гэж дүгнэжээ. Ингээд эдгээр зөрчил арилаагүй, даамжирсныг Улсын мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар тогтоож, аттестатчилах үзүүлэлт тус бүрээр 1-10 хүртэл оноо өгч, улмаар тус коллеж 1.81 гэсэн илт муу оноо авч, “тэнцээгүй” гэсэн дүгнэлт гарч байжээ. Ингээд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 56-р тушаалаар “Дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилах журам”-ын заалтын дагуу Комиссын дүгнэлтэд үндэслэн тус коллежийн үйл ажиллагаа “хангалтгүй” гэсэн үнэлгээ өгчээ.

-ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ МУБИС-ИЙГ ОРХИЖ, БЭРС  СУРГУУЛИЙГ СОНГОЖ БАЙЖЭЭ-

Харин “Бэрс” сургуулийг үүсгэн байгуулагч, захирал Ч.Гомбосүрэн шүүхэд гомдол гаргасан ч Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүхээс өмнөх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж байжээ. Сонирхуулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Бэрх тосгонд дунд сургууль дүүргэж, “Бэрс” дээд сургуульд бакалавр эзэмшсэн гэж өөрийгөө танилцуулдаг. Мөн тэрээр конкурс өгөөд МУБИС-ийн “Спортын сэтгүүлч”-ийн анги авсан ч спортын сэтгүүлч болмооргүй байсан учраас өөрийнхөө хүндэлдэг Дармын Батбаяр багш дээрээ очиж “Бэрс” дээд сургуулийн сэтгүүлчийн ангид элсэн орсон гэдэг. Харин “Бэрс” дээд сургуулиас “гоо зүй” хэмээх томоос том ойлголтыг олж авсан. Миний хувьд гоо зүй гэдэг бол алсын хараа” гэж тодотгосон байдаг.

Бэрс дээд сургууль байсан байр. 2021.06.15