С.Чулуунбат: Н.Номтойбаярын машинд мөргүүлж амиа алдсан ахын минь хэрэг хаагдаад зогсохгүй "Сайдын нэр төрд халдсан" гэж надаас 10 сая төгрөг нэхэмжилсэн /ВИДЕО/

С.Чулуунбат: Н.Номтойбаярын машинд мөргүүлж амиа алдсан ахын минь хэрэг хаагдаад зогсохгүй "Сайдын нэр төрд халдсан" гэж надаас 10 сая төгрөг нэхэмжилсэн /ВИДЕО/

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Догдогийн булаг гэх газарт 2017 оны есдүгээр сард /2017.09.28/Н.Номтойбаярын зорчиж явсан авто машинд 47 настай малчин С.Чулуунхүү мөргүүлж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн осол хэрхэн шийдэгдсэн, эл хэрэгт хэн нэгэн хариуцлага хүлээсэн үү гэдгийг бид нэхэн сурвалжиллаа.

 ВИДЕО: 

-МАЛЧИН С.ЧУЛУУНХҮҮ МОТОЦИКЛТОЙ ЯВЖ БАЙХДАА Н.НОМТОЙБАЯРЫН ЗОРЧИЖ БАЙСАН АВТОМАШИНТАЙ МӨРГӨЛДӨЖ, АМИА АЛДЖЭЭ-

Осол Дондогийн булаг гэх газарт 2017 оны есдүгээр сарын 28-ны өдөр гарчээ

Талийгаач С.Чулуунхүү тухайн өдөр Дондогийн булагт худалдаа эрхэлдэг Т.Одончимэг эгчтэйгээ уулзахаар түүний дэлгүүрт очсон боловч Т.Одончимэг нь замын нөгөө талд айлд байсан байгаа юм. Тиймээс талийгаач С.Чулуунхүү агсан түүнийг зорьж мотоциклтойгоо зам хөндлөн гарч яваад Улаанбаатараас Хөвсгөл чиглэлд Н..Номтойбаярын зорчиж явсан автомашинтай мөргөлдөж амиа алдсан байдаг.

Ослын дараа Н.Номтойбаяр нь энэ талаар талаар мэдээлэл өгөхдөө талийгаач С.Чулуухүүг "Согтуу байсан" хэмээн тодотгож байсан байна.

Тэгвэл түүний хэлсэнчлэн хэрэг хаагдах нэг үндэслэл нь энэ болж, мөн С.Чулуунхүү нь жолооны үнэмлэхгүй, хамгаалалтын малгайгүй мотоцикл жолоодсон нь зам тээврийн осол гарах болсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин талийгаачийн ар гэрийнхэн Н.Номтойбаяр нар С.Чулуунхүү агсныг ослын дараа эмнэлэгт хүргэхээр тээвэрлэхдээ түүний аманд архи цутгасан байж магадгүй гэж сэрддэг байна. Хачирхалтай нь осол гаргасан автомашины жолооч гэх хүн эл хэрэгт олдоогүй бөгөөд эцэстээ жолоочгүй автомашин осол гаргасан болж таарчээ. Осол гаргасан тээврийн хэрэгсэлд Н.Номтойбаяр, дуучин Агий буюу П.Алтанцэцэг нарын хүмүүс явсан ба Н.Номтойбаяр   мэдүүлэхдээ "Мотоциклийнх нь урд дугуй савчаад хөдөлгөөнтэй харагдахаар нь би урдуур орчихгүй байгаа гэж бодоод явж байтал яг урдуур ороод ирсэн. Манай жолооч машинаа зогсоох гэж хичээсэн ч гулгаж очоод мотоциклтэй хүнийг мөргөчихсөн” гэхчлэн мэдүүлсэн байдаг. Харин  дуучин Агий “Би Булганаас хөдлөх үед нь унтсан. Машин гэнэт зогсохоор нь сэрээд хартал “Машины урдуур мотоциклтэй хүн орчихлоо” гэсэн. Тэгээд осолд орсон хүнийг Булган аймгийн нэгдсэн эмнэлэг рүү авч явсан. Миний зорчиж явсан машиныг хөдөлгөөгүй, жолоочтой нь хамт үлдээсэн гэж мэдүүлж байсан аж.

Харин Н.Номтойбаярын зорчиж явсан автомашины жолооч нарын хүмүүс эл хэрэгт хариуцлага хүлээгээгүй төдийгүй Н.Номтойбаяр нь "Нэр төрд халдсан" хэмээн талийгаачийн ар гэрийнхнээс 10 сая төгрөг нэхэмжилсэн байгаа юм.  

Бид эл хэргийн талаар талийгаач С.Чулуунхүүгийн төрсөн дүү С.Чулуунбат болон гэрч гэх Дондогийн булагт худалдаа эрхэлдэг Т.Одончимэг нартай ярилцлаа. 

-С.ЧУЛУУНБАТ: БУЯНЫ 49 ХОНОГТОО ХЭЛ АМ ХИЙГЭЭД ЯАХ ВЭ ГЭЖ БОДОЖ БАЙТАЛ ЭНЭ ХУГАЦААНД ХЭРГИЙГ ХААЧИХСАН-

Талийгаач С.Чулуунхүүгийн төрсөн дүү С.Чулуунбат

-Ах нь чухам ямар ажлаар явж байгаад осолд орж, амиа алдсан талаар та тодорхой мэдээлэл өгөөч?

-Ах маань Дондогийн булагт байдаг садан төрлийнхөө айлд байж байхдаа дэлгүүрийн эгчтэй уулзах гэж яваад Н.Номтойбаярын зорчиж явсан автомашинд мөргүүлж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Ахыг тухайн үед согтуу байсан гэдгийг Н.Номтойбаярын талын хүмүүс хэлж байсан айлынх нь хүмүүс болон нутгийн иргэд эрүүл байсан гэдгийг нь хэлдэг. Гэрчтэй. 

-Ослын талаар та хэзээ мэдсэн бэ. Ахыг нь тухайн үед согтуу байсан гэдгийг Н.Номтойбаярын талын хүмүүс хэлдэг гэдгийг жаахан тодруулж болох болов уу?

-Осол гарсан өдрийн орой, харуй бүрэнхий болж байхад “Ах чинь зам дээр явж байгаад осолд орчихлоо. Та ирэх боломж байна уу” гэсэн хэл надад ирсэн. Би ахынхаа биеийг асуугаад “Өнөөдөр оройтчихлоо. Өглөө очиж болох уу” гэж асуусан. Тэгэхэд цагдаагийн газраас "Ахын биеийг гайгүй, ухаан санаа нь зүгээр" гэж хэлээд "Өглөө ирж болно. Ирээд хамгийн түрүүнд надтай ирж уулзаарай. Танаас хэдэн юм асуух гэсэн юм” гээд нэг цагдаа ярьсан. Тиймээс ч би өглөө нь шууд цагдаа дээр очоод ахынхаа талаар мэдүүлэг өгсөн. Тэгээд шууд эмнэлэг явж, ах дээрээ очиход ах маань бараг л бурхан болчихсон байсан. Хэрэв тухайн үед цагдаа нар үнэнг нь хэлээд хүнд байна гэсэн бол би шөнөдөө л төв орж, ахтайгаа уулзах байсан юм.

Н.Номтойбаяр нар нь ослын дараа ахад маань эмнэлгийн тусламж үзүүлнэ гээд аймгийн төв рүү шууд аваад явсан байдаг. Осол гарахын өмнөхөн ахтай уулзсан хүн ахыг эрүүл байсан гэдгийг хэлдэг. Гэтэл эмнэлэгт очиход нь ахаас их хэмжээний архи үнэртэй, хувцас хунар нь архи болсон байсан гэдэг. Магадгүй тэд талийгаачийг маань тээвэрлэж явахдаа аманд нь архи цутгасан байхыг үгүйсгэхгүй. Би тэгж л харддаг юм. 

-Ах нь ослын улмаас ямар гэмтэл авсан талаарх мэдээллийг танд албаны хүмүүс хэлж байсан уу? 

-Тухайн үед ахын маань гэмтэл, онош нь тогтоогдохгүй байсан. Тархины зураг, цээжний зургаар гэмтэлгүй байна гэж гараад байсан атал бие нь хүнд байсан. Тэгээд нээх удалгүй ах маань бурхан болсон доо. Нас барсных нь дараа задланд оруулахад  "Аарцгийн яс нь задраад гол судсыг нь тасалчихсан байсан" гэдэг дүгнэлт гарсан. Цээжин бие нь гэмтээгүй, аацргийн яс нь задраад гол судсыг нь тасалсан гэхээр ахын машины араас мөргөсөн байж магадгүй байгаа юм. Хэрэв өөрөө очоод мөргөсөн бол толгойндоо гэмтэл авна шүү дээ. Тийм зүйл огт байхгүй байсан.

-Энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн бол. Хэн нэгэн хариуцлага хүлээсэн үү?

-Ахын маань амиа алдсан ослын хэрэгт хэн ч хариуцлага хүлээгээгүй, ахын маань буруу болоод хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Бид талийгаачийнхаа ажил явдлыг өнгөрөөж, буяны 49 хоногт нь хэл ам хийгээд яах вэ гэж бодоод байж байтал хуулийн байгууллагаас "Танай ах согтуугаар жолоо барьж, машин мөргөсөн. Тэгэхээр танай хүний буруу гэж хэлээд хэргийг шалгаад хэрэгсэхгүй болгосон.

-Та бүхэн ахынхаа үхлийн шалтгааныг тодруулж, ослын талаар шалгуулах хүсэлт, өргөдөл гаргаагүй юм уу?

-Бид уг нь ядаж 49 хоногийг нь өнгөрөөгөөд ослын талаар яръя буяны ажлаар нь хэл ам болгоод яах вэ гэж бодож байсан боловч тэр хугацааг ашиглаад хэргийг нь хаачихсан. Ажил явдлын дараа үхлийн шалтгааныг нь тодруулахаар хуулийн байгууллагад хандахаар болж, манай эмэгтэй дүү хэргээс зургаан сарын дараа очсон. Тэр үед “Танай хүн согтуугаар мотоцикл жолоодож Н.Номтойбаярыг дайрсан. Тэр хүн чинь өөрөө буруутай юм байна. Энэ хэрэг хаагдсан” гэж хэлээд бидний гомдлыг авч хэлэлцээгүй. Хууль гэдэг чинь томчуудад үйлчилж, биднийг гомдолтой байсан ч хамаагүй хаячихдаг юм байна лээ. Хэргээс хойш Н.Номтойбаярын талын хүмүүс л ирж байснаас хохирогчийн гэр бүл яаж байна гэж ирээгүй. Би одоо ч боддог хууль ер нь их сонин малчид, ард иргэдэд үйлчлэхээ байгаад томчуудад л үйлчилдэг болчихсон сонин юм даа л гэж боддог. Уг нь анх хэргийг зөв шийдвэрлэх л байх гэж бодож байсан. Тэгсэн мэдүүлэг ч аваагүй хэргийг хаачихсан. Би Н.Номтойбаяр энэ хэргийн шалгалтын ажиллагааг зогсоосон л гэж харддаг юм.

-Таныг Н.Номтойбаяраас гурван өрөө байр аваад хэл ам хийгээгүй хэргийг хаалгасан гэх мэдээлэл байдаг. Үнэхээр танд хохирол барагдуулсан зүйл байдаг юм болов уу?

-Би Н.Номтойбаяр гэдэг хүнээс юу ч адаагүй. Намайг гурван өрөө байр аваад чимээгүй болсон гэдэг бол ёстой худлаа шүү. Тэд оршуулгын зардалд дөрвөн сая төгрөг өгсөн гэдэг. Түүнээс өөр юу ч авч байгаагүй. Би өөрөө таван малтай хүн. Хүнээс царай алдахаар амьдралтай хүн шүү дээ.

-Та бүхний хохирлыг барагдуулаагүй, талийгаачийн буруу болоод хэрэг хаагдсан гэхээр гомдолтой л байдаг байх даа?

-Хамгийн гол нь Н.Номтойбаяр манай ахыг "Архичин, ганц бие, айлаар тэнэж явдаг хүн" гэж ярьсанд нь би үнэхээр гомдолтой байдаг. Ах маань ганц бие байсан гэдэг нь үнэн. Гэхдээ тэнэмэл хүн байгаагүй. Гэтэл үүн дээр нь дөрөөлөөд маш муухайгаар хэлсэн. Би тэр үгэнд нь л их гомдож явдаг. Түүний оронд “Энэ малчин ийм хүн байжээ” гээд эр хүн шиг уучлалт гуйсан бол би өөр зүйл ярихгүй л байсан юм. Тэр хүн үнэхээр муухай хүн байна лээ. Уучлалт гуйх нь битгий хэл биднийг нэр төрд халдсан гээд 10 сая нэхэмжилсэн шүү дээ. 

-Та үүнийгээ жаахан тодруулж ярьж болох болов уу. Үнэхээр та бүхэн УИХ-ын гишүүний нэр төрд халдсан юм уу?

-Миний хувьд сайдын нэр төрд халдсан юм огт байгаагүй. Бид шиг жирийн малчид юу гэж гишүүний нэр төрд халдах вэ дээ. Гэтэл хэрэг хаагдсаны дараа Булганаас хоёр цагдаа манайд ирээд “Та УИХ-ын гишүүний нэр хүндийг унагасан учир гомдол гаргаж 10 сая төгрөг нэхэмжилсэн байна” гэсэн. Тэгэхээр нь би “Би тэр мөнгийг чинь өгье. Та нар тийм чадалтай юм бол манай хүнийг босгоод ир” гэж хэлээд мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Тэр цагдаа нар нь ирээд “Энд гарын үсэг зур” гээд хууль ярьж тулгасан. Би бичиг үсэг мэдэхгүй , гарын үсэг зурахгүй гээд явуулсан. Дахиж манайд ирээгүй.

Н.Номтойбаяр өөрөө ахыг минь дайрч алчхаад дараа нь биднээс нэр хүнд унагасан гэж гомдол гаргаж мөнгө нэхэмжилсэн байгаа юм. Тийм муухай УИХ-ын гишүүн гэж юу байдаг юм бэ.Ахыг маань ганц бие байсан дээр дөрөөлж янз бүрийн муу юм бичиж байхын оронд эр хүн шиг “ийм зүйл болсон юм аа. Уучлаарай” гээд ирсэн бол өөр шүү дээ. Гэтэл эд угаасаа ядсан хүмүүс гэж дээрэлхэж, дарамталж байгаа юм шиг юм

 Юу ч ярьж байгаагүй. Номтойбаяр гэдэг хүнийг зурагтаар л харж байлаа. Нүүрээрээ уулзаагүй. Ахын ажил явдал ч дуусаагүй байхад би юу ярих билээ дээ. Яагаад намайг нэр төрд халдлаа гэж мөнгө нэхэмжилснийг мэдэхгүй. Бодвол цаанаасаа тэгж дарамтал гэж даалгасан юм уу яасан юм. Тийм зүйл болж байсан. Тэр цагдаа нар нь ирээд “энд гарын үсэг зур” гээд хууль ярьж тулгасан. Би бичиг үсэг мэдэхгүй , гарын үсэг зурахгүй гээд явуулсан. Дахиж манайд ирээгүй.

-Та талийгаач ахынхаа талаар яриач? 

-Манай ах их дөлгөөн, томоотой хүн байсан. Бид хоёр ерөөсөө хоёр насны л зөрүүтэй. Хамтдаа тоглож өссөн. Нэг эгчтэй, нэг дүү нэг ахтай дөрвүүлээ байсан. Бага насандаа ахтайгаа тоглож өссөн болохоор одоо байхгүй болохоор нь сэтгэлд их хэцүү. Дандаа бодогдоно. Ах минь хажууд байхгүй болохоор эвгүй л юм байна лээ. Намайг хүмүүс ярьдаггүй хүн гэж боддог байх. Би бол дотроо ахыгаа үргэлж санаж, бодож явдаг юм шүү.

-ОСЛЫН ДАРАА ХЭРГИЙН ГАЗАРТ ХЭМЖИЛТ ХИЙЛГЭХЭЭР ҮЛДСЭН ХҮН ӨӨРИЙГӨӨ ОСОЛ ГАРГАСАН ЖОЛООЧ БИШ ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН-

худалдаа эрхлэгч Т.Одончимэг

Н.Номтойбаярын зорчиж явсан автомашинд мөргүүлж амиа алдсан С.Чулуунхүүгийн хэргийн талаар бид гэрч гэх худалдаа эрхлэгч Т.Одончимэгээс зарим нэгэн зүйлийг тодруулсан юм. 

-Тухайн үед гарсан ослын талаар та мэдээлэл өгөөч?

-Талийгаач С.Чулуунхүү надтай уулзахаар гэр барьж байсан хүмүүсээс “Одноо эгч хаана байна” гээд асуусан байсан. Би хойд талын айлд цай уух гээд явж байхад л “пис пас” гэсэн чимээ гарсан. Намайг гүйгээд гараад ирэхэд мотоциклтой хүнийг нэг хар машин мөргөөд замын хажуу руу орчихсон байсан. Бид нар 200-300 метрийн газрын цаанаас яваад очихын зүггүй машиндаа хийгээд явах гэсэн. Бид ч “Хүүе наад хүн чинь зүгээр үү. Яасан юм” гэсэн чинь “Эмнэлэг аваад явъя” гээд л аваад явж байсан.

-Талийгаач тантай ямар ажлаар уулзах гэж байсныг нь та мэдэж чадаагүй л байх даа?

-Талийгаачтай уулзаагүй болохоор энэ талаар нь үнэхээр мэдээгүй. Харин С.Чулуунхүүг өнгөрснийг сонсоод "Одноо эгч хаана байна гээд надтай уулзана гээд явсан" гэхээр нь их эвгүй санагддаг юм байна лээ. Заавал би тэнд явж байхад надтай уулзах гээд тийш явж байхад нь ийм зүйл болчихдог гээд л эвгүй болж байсан.

-Ослын дараа таныг гэрчээр мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл байдаг. Үүнийг тодруулж ярих боломжтой болов уу?

-Би албан ёсоор гэрчийн мэдүүлэг өгч гарын үсэг зураагүй. Гэхдээ болсон ослыг нүдээрээ харсан хүн. Би ч гэхгүй тэндээ зөндөө олон хүн харсан. Хамгийн гол нь манай энэ хавь сүлжээ муутай болохоор би гар утсаараа төлбөртэйгөөр утсаар яриулдаг байсан. Тиймээс ч ослын дараа хүмүүс манайхаар утсаар ярьж хэл дамжуулсан байдаг. Энэ утгаараа би цагдаад ганц нэгэн зүйл хэлж байсан. Мөн ослын газар Н.Номтойбаярын дүү гэх нэг хүн үлдсэн байсан. Тэр хүн их тэвдсэн байдалтай байхаар нь “миний хүү жолооч нь юм уу” гэхэд “Үгүй ээ. Би машин хүлээгээд байж байна” гээд нэг хүүхэд зогсож байсан. Жолооч нь биш гэсэн хэр нь их тэвдсэн байдалтай байхаар нь жолооч нь хэргийн газраа үлдэж байгаа юм байна даа гэж би таамагласан. Тэр хүү нөгөө осолдсон хүний бие нь гайгүй юу гээд миний утсаар асуугаад байж байсан. Үүнд талархаж сүүлд нь надад нэг набор 20 мянган төгрөг өгч байсан юм. Гэтэл зарим нутгийн хүмүүс намайг мөнгө аваад талийгаачийн талаар худал мэдээлэл өгөөд байсан гэж ярьсан байдаг. Гэхдээ би үүнд нь эмзэглээгүй ээ. Би тэр өгсөн мөнгөнөөс өөр зүйл аваагүй. 

Н.Номтойбаярын зорчиж явсан автомашинд мөргүүлсэн С.Чулуунхүү нь мотоциклтойгоо энэ жалга руу шидэгджээ