Г.Батхүү агсантай баасан гаригт уулзсан гэх хүмүүсээс тайлбар авч байна

2019-05-19 02:38

Г.Батхүү агсантай баасан гаригт уулзсан гэх хүмүүсээс тайлбар авч байна

УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан, АН-ын дэд дарга, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү баасан гаригт 15-18 цагийн хооронд төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаанд оролцох үеэрээ Засгийн газрын хуралдааны танхимын үүдэнд байх хоёр давхарын “Гол гонхон”-оос унасан байдалтай амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Хэргийн дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс хэргийн газарт үзлэг хийсэн гэсэн албаны мэдээлэл бий.

Тэгвэл тус хэргийг Нийслэлийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн бололтой. Учир нь энэ 7 хоногийн баасан гаригт Г.Батхүү агсантай хамгийн сүүлд уулзсан байж болзошгүй хүмүүс болоод хамгийн сүүлд түүнтэй утасаар ярьсан зэрэг хүмүүсийг Нийслэлийн цагдаагийн газарт дуудаж тус хэрэг явдалтай холбоотой тайлбарыг энэ амралтын өдрүүдээр авч байгаа гэсэн албан бус мэдээлэл байна.

Өчигдөр талийгаачийн биед Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчид задлан шинжилгээ хийсэн, энэ үеэр түүний ар гэрийнхэн итгэмжлэгдсэн хувийн шинжээч оруулах хүсэлт гаргасан ч тус хэргийг хянаж байгаа прокурор “зөвшөөрөөгүй” гэсэн мэдээлэл мөн байна.

Бид үйл явдлыг эргэн мэдээллэх болно.

ЗУРАГ: Түүний унасан байж болзошгүй гэх Төрийн ордны баруун жигүүрийн 2 давхарт байрлах Засгийн газрын хуралдааны танхимын үүдэнд байдаг “Гол гонхон”

2019-05-18 03:08

АН-ын дэд дарга Г.Батхүү Төрийн ордонд гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй

Өчигдөр (2019.05.17-ны өдөр) оройн 19:30 цагт Төрийн ордон дотор, 2 давхарын хэсгээс УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга асан, АН-ын дэд дарга Г.Батхүү унаж нас барсан байдалтай олдсон байна.

Дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэсийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт 5 цаг орчим үзлэг хийж, төрийн ордоны баруун жигүүрийн 1, 2 давхарын хөдөлгөөний бүрэн хорьсон юм. Харин 23 цагийн орчимд талийгаачийн ар гэрийн хүмүүсийг хэрэг болсон газарт нэвтрүүлсэн юм.

Тус хэрэг Төрийн ордны баруун жигүүрийн 2 давхарт байрлах Засгийн газрын хуралдааны танхимын үүдэнд байдаг “Гол гонхон” ( Хоёр давхарын тэр хэсэгт шал байхгүй, нэг метр гаруй өндөр хаалттай, доош шууд нэг давхарын хэсэг харагддаг ) -д гарсан байна.

ЗУРАГ: Төрийн ордны баруун жигүүрийн 2 давхарт байрлах Засгийн газрын хуралдааны танхимын үүдэнд байдаг “Гол гонхон”

Талийгаачийн ойрын эх сурвалжийн мэдээллэж буйгаар, "Зарим хэвлэлд гарч байгаа шиг зүрх нь хаагдсан, шат руу унасан гэдэг нь худал мэдээлэл. Учир нь талийгаач 7 хоногийн өмнө БНСУ-д эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд орсон, “эрүүл” гэсэн оноштой байсан, мөн Г.Батхүү маань шат руу унаж нас бараагүй, Засгийн газрын хуралдааны танхимын үүдэнд байрлах хоёр давхарын “Гол гонхон”-ноос нэг давхар руу хэн нэгэн түүнийг түлхэж (гадны нөлөөтэй), амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй байна. Иймд цагдаагийн байгууллагын хэргийн газрын үзлэг 5 цаг орчим үргэлжилсэн" гэсэн юм.

Тэрээр “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн 15.00-18.00 цагийн хооронд болох хуралд оролцохоор ийнхүү төрийн ордонд ирсэн байжээ.

Мөн түүнийг хэрэг болохоос 30 гаруй минутын өмнө төрийн ордны 3 давхарт явж байхыг нь төрийн ордны нэгэн ажилтан харсан байна. Ингээд үүнээс 30 гаруй минутын дараа тэрээр нас барсан байдалтай төрийн ордны баруун жигүүрийн нэг давхараас олджээ.

Хамгийн хачирхалтай төрийн ордны ихэнх хэсэгт хяналтын камер байдаггүй аж. Тус хэрэг хяналтын камергүй хэсэгт гарсан ажээ. УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү нь өнгөрсөн Дөрөвдүгээр сараас эхлэн Ардчилсан намын дэд даргын албан тушаалд томилогдон ажиллаж байжээ.

Бид үйл явдлыг цаг алдалгүй, шуурхай мэдээллэх болно.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө