ТОКИО 2020: Медалийн тавцанг хуванцар хаягдлыг дахин боловсруулж, 3D хэвлэгчээр бүтээжээ

ТОКИО 2020: Медалийн тавцанг хуванцар хаягдлыг дахин боловсруулж, 3D хэвлэгчээр бүтээжээ

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэдэл болсон олимпийн наадам Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдахад 50 хоног үлдэж байгаа билээ. Тэгвэл Токиогийн олимпийн зохион байгуулагч байгууллага пүрэв гарагт/2021.06.03/ нээлтийн ёслолын үеэр эгшиглэх хөгжим,  байгаль орчинд ээлтэй материалаар бүтээгдсэн медалийн тавцан зэргийг олон нийтэд танилцууллаа.

Олимпийн наадмын үеэр нийтдээ 98 медалийн тавцанг хэрэглэх юм. Эдгээрийг  Японы 2,000 гаруй газраас цуглуулсан хуванцар хаягдлыг дахин боловсруулж, 3D хэвлэгчээр үйлдвэрлэжээ. Медалийн материалын хувьд электроникийн хаягдлыг дахин боловсруулах замаар гаргаж авсан үнэт металлаас бүрдсэн байна.

Олимпийн наадмын үеэр 33 спортын төрөлд  339, паралимпийн  22 төрөлд 539 нийтдээ 878 медаль гардуулахаар төлөвлөжээ.  Үйл ажиллагаанд 500 гаруй сайн дурын ажилчид оролцох бөгөөд тооны хувьд бага байгаа нь цар тахлаас үүдэн гадны орноос сайн дурын ажилчид авахаа больсонтой холбоотой юм.

Ёслолын ажиллагаа, медаль гардуулах ёслолд  оролцох сайн дурын ажилчид Японы уламжлалт кимоно, орчин үеийн хувцасны загварыг хослуулсан цэнхэр өнгийн хувцас өмсөх аж. Байгаль орчинд ээлтэй байх уриан дор зохион байгуулагдаж буй тул медалийн тавиурууд ч бас дахин боловсруулсан хуванцар хаягдлаар бүтээгджээ.

Түүнчлэн медаль гардуулах ёслолын үеэр эгшиглэх хөгжмийг Японы нэрт хөгжмийн зохиолч Наоки Сато зохиосон байна.  Тэрбээр “Ruroun Kenshin”, “Eien no Zero” зэрэг хит кинонуудын хөгжмийг зохиож байжээ.

М.Саранцэцэг

Эх сурвалж: Kyodo news