2021 оны тавдугаар сарын 26. Төрийн ордны индрээс “Дамдинхорлоогийн Болдбаатарыг Монгол Улсын гавьяат цолоор шагнасугай” хэмээв. Ийнхүү Монголын авто спортын анхны гавьяат төрөн гарч, энэ спортод хайртай, энэ спортыг сонирхдог мянга мянга хүний баяр, бахдалыг төрүүлсэн билээ. Эр зориг, авхаалж самбаа, тэвчээр хатуужлыг шалгасан авто спортод 26 жил хүч үзэж буй Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Болдбаатартай ярилцлаа.
-ХАМГИЙН ХҮНД ХЭЦҮҮ ЗАМЫГ ТУУЛЖ БАРИАНД ОРДОГ УЧРААС ЭНЭ СПОРТ НЭР ХҮНДТЭЙ БАЙДАГ-
-Юуны өмнө авто спорт сонирхогчид болон уншигчдынхаа өмнөөс Монголын авто спортын анхны гавьяат тамирчин болсонд баяр хүргэе. Анхны гэдэг тодотгол олон хүний бахархлыг төрүүлж байлаа. Гавьяат авах мөчид юу бодогдож байв?
-Баярлалаа. Шагнал гардуулахын өмнөх өдөр гавьяат болсон гэдгээ мэдсэн. 21.00 цагийн үед Ерөнхийлөгчийн тамгын газраас залгаж “Та авто спортын гавьяат тамирчин гэдэг цол хүртлээ. Баяр хүргэе” гэсэн. Төр үнэлж Монгол Улсын авто спортын гавьяат тамирчин гэдэг цол олголоо. Маш их баяртай байна.
-Энэ спортын хүн болсон түүхийг сонсохыг олон хүн хүсэж байгаа байх аа. Хэзээнээс авто спортоор хичээллэж эхлэв?
-Бага байхад аав маань мотоцикл унах дуртай, машин техникт хоббитой хүн байсан. Аав, ээж нь юунд дуртай, сонирхолтой байна хүүхэд түүнийг л дууриадаг шүү дээ. Аавыгаа харж өссөөр техникт хоббитой болж,нэг л мэдэхэд энэ спорт руу орсон доо.
-Таны ах тань бас авто спортод сонирхолтой гэж сонсож байсан юм байна?
-Хамгийн том ах маань яг энэ спортоор хичээллэж, хэд хэдэн тэмцээн уралдаанд ордог байсан. Ахыгаа дагаж явсаар эхэндээ мотоцикл сонирхдог болж, 1996 онд хамгийн анх “Монгол Ралли” гэдэг уралдаанд орж байлаа. Тухайн үед мотоцикл байтугай уралдааны зориулалтын хувцас ч ховор байсан. Ингээд 18 нас хүрч, жолооны үнэмлэхээ авсны дараа шууд л машины уралдаанд орсон доо. Үүнээс хойш өнөөдрийн хүртэл 26 жил тасралтгүй уралдаж байна.
Анхны тэмцээнд барианд орохоосоо өмнө нэлээн ойчсон. Мотоциклтойгоо ойчиж, үрүүлээ хугалж ирнэ. Дундын бариан дээр хоёр гурван өдөр уралддаг учраас замдаа эвдэрсэн зүйлсээ засуулна. Тэгж явсаар дөрөвдүгээр байранд орж хивсээр шагнуулж байсан. Тэр хивс одоо ч гэрт минь бий. Түүнээс хойш шагналаар тасраагүй. Хөргөгч, зурагт, машин гэх мэт янз бүрийн зүйл шагналд авсан шүү/инээв/.
-26 жилийн хугацаанд хэчнээн тэмцээн уралдаанд хүч үзээд байна?
-За байз. Бараг тоолж үзээгүй юм байна. Тоогоо алдсан байх. Харин медалиудаа тоолоход 80 алт, 36 мөнгө, 10 хүрэл медаль авсан байдаг. Мөн Дакар Ралли олон улсын тэмцээнээс хоёр медаль, “Silk way” гэдэг томоохон уралдаанаас нэг медаль, мөн 1995 оноос хойш Монголд зохиогдож буй олон улсын том тэмцээнд есөн удаа түрүүлсэн амжилттай явж байна.
-Дакар Ралли тухайн үед Монголчуудыг нэлээн шуугиулж байсан шүү дээ. Дэлхийн хэмжээний том тэмцээнд Монголын тамирчин анх удаа хүч үзсэн?
-Тийм. 2013 онд Монголоос хамгийн анх Дакар Раллид оролцож мөрөөдлөө биелүүлсэн. Тухайн үед байранд орж чадаагүй. Ингээд 2014, 2015 онуудад дахин хүч үзэж медаль авсан. Дакар Ралли бол автомашин, мотоциклын олимп гэж нэрлэж болохуйц том уралдаан. Дэлхийн хамгийн том топ тэмцээн гэсэн үг. Тэмцээний явцад газрын зураг уншина, хамаагүй явж зам хазайвал төөрөх эрсдэлтэй. Саад бартаа ихтэй замаар 14 хоногийн турш 10 мянган км зайд уралддаг. Өдөрт дунджаар 7000-8000 км зам уралдана. Халуун, хүйтэн эрс тэс уур амьсгалыг даван туулж уралддаг. Хамгийн хүнд хэцүү замыг туулж барианд ордог учраас тэр хэмжээгээр нэр хүндтэй байдаг. Нөгөөтээгүүр энэ спортыг нэг хүндтэй болгож буй зүйл нь энэ. Хэн дуртай нь ороод өрсөлдөж болдог, чаддаг байсан бол энэ спортын нэр хүнд ийм хэмжээнд байхгүй л болов уу.
-Тэгвэл энэ тэмцээн таны хувьд маш том сорилт мөн туршлага болсон юм байна?
-Би эхний жил оролцохдоо Монголын тал нутгаар л төсөөлж очсон. Гэтэл төсөөлснөөс тэс ондоо бартаа саадтай зам угтсан. Тэр ч утгаараа олон хүн зөвхөн “finish”-ийн/барианд орж, замаа дуусгах/ медаль авах зорилготой оролцдог. Ер нь сайн сайхан зүйл түүх болж яригдах нь ховор шүү дээ. Зовж туулсан цаг хугацаа эргээд бодоход сэтгэлд хамгийн тодоор үлддэг.
-ГЭР БҮЛИЙНХЭН МААНЬ ТЭР ЧИГЭЭРЭЭ ЭНЭ СПОРТООР АМЬСГАЛСАН ХҮМҮҮС. ТИЙМ Ч УЧРААС МИНИЙ ХАМГИЙН ТОМ ДЭМЖЛЭГ БОЛДОГ-
-Авто спорт бол маш эрсдэлтэй, аюултай спортын төрөл шүү дээ. Анх авто спортын тамирчин болно гэхэд гэр бүлийнхэн тань яаж хүлээж авсан бэ?
- Би Толгойтод өссөн. Толгойтын уулнаас дугуйтай бууж их ч уралддаг байлаа. Тэгж бага багаар уралдаж явсаар ээжийгээ дасгачихсан юм. Түүнээс биш гэнэт мотоцикл аваад уралдана гэсэн бол эсэргүүцэх байсан байх. Манай гэр бүлийнхэн энэ спортод маш дуртай, хоббитой хүмүүс. Ах маань Монголд уралдаж буй автомашинуудын аюулгүй байдлыг хангах хамгаалалтын карказ хийдэг бол аав маань тэмцээнүүдэд шүүгчээр ажиллаж ирсэн, харин ээж уралдааны хувцаснуудыг оёдог. Манай дүү гэхэд л уралдааны зураг авах хоббитой. Гэр бүлийнхэн маань тэр чигээрээ энэ спортоор “амьсгалсан” хүмүүс. Тийм ч учраас миний хамгийн том дэмжлэг болдог. Уралдаанд явахад ээж минь дандаа сүү өргөн үддэг. Авто спортын гавьяат гэдэг цолыг авч аав, ээжийгээ баярласандаа юу юунаас илүү баяртай байна.
-Уралдааны зам дотроо өөр өөр төрөл байдаг байх. Таны хувьд аль төрөлд нь хүч үзэх дуртай вэ?
-Уралдааны олон ангилал байдаг. Мотоцикл гэхэд мөсөн замын, мото-кроссын, ралли буюу холын замын, мотоциклоор дрифт хийдэг гэх мэт маш олон төрөл бий. Автомашин ч ялгаагүй. Авто-кросс, ралли, баха гэх мэт. Миний хувьд дугуйтай болгоноор уралддаг. Бүгдэд нь л амжилт гаргаж байсан даа.
-Тэмцээний өмнөх бэлтгэлээсээ хуваалцаач. Байнгын бэлтгэл сургуулилттай байдаг уу. Эсвэл тэмцээн дөхөөд ирэхээр бэлтгэлд гардаг уу?
-Гадаадын томоохон тэмцээний өмнө бэлтгэл хийдэг. Мотоцикл машинаа жилийн өмнөөс бэлдэж эхэлнэ. Харин Монголд сар болгон тэмцээн болдог учраас нэг тэмцээнээс нөгөө тэмцээн хүртэл машинаа янзалсаар байгаад таардаг. Энэ спорт ганц хүнээс гадна, техникээс шалтгаалдаг учраас машин, мотоциклоо маш сайн бэлдэх ёстой байдаг.
-Тухайн спортоор хичээллэхэд хувь хүний төрөлх зан араншин, характер, өгөгдөл их нөлөөлдөг. Таны хувь хүн адал явдалд их дуртай байх?
-Тийм. Экстрим спорт шүү дээ. Миний хувьд хүлээцтэй ханддаг спортын төрөлд тааруу. Аль болох хурдан, хөдөлгөөн шаардсан, богино хугацаанд шийдвэр гаргасан спортод илүү авьяастай.
-Тамирчин хүн бүрт өөрийн гэсэн баримталдаг зарчим байдаг байх. Таны хувьд ямар зарчмыг гол болгодог вэ?
-Бэртэл гэмтэл авахгүй, болгоомжтой уралдахыг л чухалчилдаг. Нэг тэмцээний үеэр бэртэл авчихвал жилийн турш хийсэн бэлтгэл, сургуулилт маань талаар болно шүү дээ. Үүнийгээ дагаад удаан хугацаанд тэмцээнд орж чадахгүй явсаар дараагийн тэмцээнд амжилт үзүүлэх магадлал маш бага болдог. Тиймээс бэртэл гэмтэл авахгүй, болгоомжтой уралдахыг хичээдэг.
-Та өмнө нь ямар нэг бэртэл авч байв уу?
-Гараа нэг удаа хугалж байсан. Олон ч онхолдсон доо/инээв/. Тэр болгонд хамгаалалтын карказ, хувцас авардаг. Гэхдээ хурдтай явж байхдаа эвгүй онхолдвол аюултай.
-Тэгэхээр анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлэх хэрэгтэй болдог байх?
-Тэгэлгүй яахав. Анхаарлаа бага зэрэг л өөр зүйлд сатааруулбал замдаа төөрнө, эсвэл жалга руу орох эрсдэлтэй. Тиймээс анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлдэг.
-МАНАЙД ГАДААДЫН ТЭМЦЭЭН, УРАЛДААНД АМЖИЛТ ГАРГАХ ИРЭЭДҮЙТЭЙ ОЛОН ТАМИРЧИН БИЙ-
-Экстрим спортоор хичээллэж буй хүмүүс ихэвчлэн кайф авахын тулд гэж хариулдаг. Таны хувьд энэ спортын юунд татагдсан юм бэ?
-Би уралдах л дуртай. Уралдаж байх явцдаа кайф авдаг. Цэвэр уралдааны мотоцикл, машинаар уралдах шиг сайхан мэдрэмж төрүүлдэг зүйл хаана ч үгүй.
-Тамирчин хүний ид нас гэж байдаг шүү дээ. Авто спортын хувьд хэдэн нас хүрээд “тэтгэвэрт” гардаг бол?
-Манай спортод тийм зүйл байхгүй. 50, 60-тай байсан ч уралдах боломжтой. Би насанд хүрээгүй байхдаа 40, 50-тай ах нартай уралдаж л байсан. Тэр хүмүүс зодог тайлаад уралдахаа болиод ирэхээр дараагийн үетэй нь уралдаж эхэлсэн. Одоо би шинээр гарч буй залуу үеийнхэнтэйгээ уралдаж л байна. Эрүүл саруул байж, хөл гар минь хөдөлж л байвал би хэзээ ч зогсохгүй.
-Монголд авто спортыг хөгжүүлэхэд юу хэрэгтэй гэж та бодож байна?
-Ер нь энэ спортод тамирчны оролцоо 40 хувь, машин, техникийнх 60 хувь байдаг. Тиймээс сайн машин, мотоциклтой байж гэмээн амжилт үзүүлнэ. Дэлхийн бусад орны тамирчид бүхэл бүтэн техникийн багаа дагуулж явдаг. Нэг тамирчнаа уралдуулахын тулд 10 гаруй машин хамт дагаж явдаг. Харин манай эсрэгээрээ. Өөрсдөө засвараа хийж, майханд хононо. Хамгийн бага зардлаар явахын тулд аль болох хэмнэнэ. Манайд гадаадын тэмцээн уралдаанд амжилт гаргах ирээдүйтэй маш олон тамирчин бий. Гагцхүү техникийн бололцоо л тааруу байдаг. Энэ спортыг төр засаг нь үнэлэхгүй хэсэг явсан. Одоо төр засаг үнэлж төрийн шагнал олголоо. Шинэ залуу үеийнхэн маань энэ спортыг сонговол төр засаг нь үнэлдэг юм гэдгийг харсан байх.
-Тэгвэл шинэ залуу үеийн тамирчдад юу гэж хэлмээр байна?
-Булган сүүлтэй байя. Миний хойноос олон залуус төр засгаараа үнэлүүлэх болтугай. Энэ спортод хайртай, дуртай бол амжилтад хүрэх боломжтой гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ.
-Гадаадын тэмцээн уралдаанд орох болоход мөнгө, санхүү хамгийн том асуудал болдог гэж олон тамирчнаас сонсож байлаа?
- Хамгийн анх үнэмлэхээ аваад оролцсон тэмцээнээсээ би шагнал авч байсан. Тухайн үеийн сонин, сэтгүүлүүдээр ч шуугьж эхэлсэн. Дараа жил нь улсын аварга болсон. Энэ мэтээр уралдаан, тэмцээнд амжилт гаргах тусам спонсор олох өндөр магадлалтай болж байгаа юм. Үүнээс өмнө аав, ээж маань л намайг спонсорлодог байсан. Хамгийн анх Монла гэдэг компанийн н.Энхсайхан ах намайг спонсорлож байсан. Энэ завшааныг ашиглан н.Энхсайхан ахдаа баярлалаа гэж хэлмээр байна. Дакар гэдэг том тэмцээн миний хувьд мөрөөдөл байсан. Мөрөөдлөө биелүүлэхэд тусалсан Доктор, Зик Закын хамт олонд мөн маш их баярладаг.
Манай тамирчдын хувьд гадаадын тэмцээнүүдэд ихэвчлэн мотоциклын төрлөөр оролцдог. Машины төрлөөр явъя гэвэл зардал мөнгө нь дийлдэхгүй. Хэрэв би өөр спортоор хичээллэдэг байсан бол бэлтгэлийн хувцас, бөмбөгөө аваад л явчихна. Харин авто спортын хувьд гадаадын том тэмцээнд явах шаардлага гарвал мотоцикл, машинаа ачуулна. Дөрөв, таван улсын виз гаргуулна. Очоод орох такс нь л гэхэд 14,800 евро. Уралдаанд зориулагдсан мотоцикл маш үнэтэй. Машинаар орвол илүү их амжилт үзүүлэх боломжтой зөндөө Монгол тамирчид бий. Гэвч зардал өндөр учраас төдийлөн боломж гардаггүй.
-Та Дакар миний мөрөөдөл байсан гэж хэллээ. Энэ мөрөөдөл тань аль хэдийн биелчихлээ. Цаашдаа юуг мөрөөдөж, зорьж байна?
-Дэлхий даяар маш том тэмцээнүүд болдог. Тэр тэмцээнүүдэд машины төрлөөр оролцъё гэж мөрөөдөж байна. Сайн машинтай болбол машины төрлөөр уралдаж үзнэ гэсэн бодолтой байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
-Баярлалаа.