СУДАЛГАА: Агаарын бохирдол харааны эмгэг үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ

СУДАЛГАА: Агаарын бохирдол харааны эмгэг үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ

ДЭМБ саяхан “дэлхийн нийт хүн амын 91 орчим хувь нь агаарын чанарын түвшин маш доогуур үнэлэгдэх газарт амьдарч байна” гэсэн судалгааг гаргажээ. Судалгаанд дурдсанаар дэлхий даяар жилд дунджаар 4,2 сая гаруй хүн агаарын бохирдлоос үүдэлтэй цус харвалт, зүрх судасны өвчин, уушгины хорт хавдар, амьсгалын замын архаг өвчнөөр нас барж байгаа аж.

Тэгвэл өнгөрсөн даваа гарагт /2021.01.25/ Их Британийн Нүд судлалын сэтгүүлд агаарын бохирдол нь хүний нүдний хараанд нөлөөлж болзошгүй талаар нэгэн судалгаа хэвлэгджээ.

50-иас дээш насны хүмүүсийн нүдний хараа муудах гол шалтгааны гуравдугаарт харааны төв хэсэгт шар толбо үүсгэх эмгэг буюу насжилттай холбоотой үүсдэг шар толбоны сөнөрөл (AMD) ордог байна. Энэ нь нас дагаж нүдний торлог, төвийн хараанд үүсдэг эмгэг бөгөөд эдгэршгүй байдлаар хараа алдалт үүсгэж болзошгүй өвчин юм. 

Тэгвэл судалгаанд өгүүлснээр агаарын бохирдол тус эмгэг үүсэх магадлалыг эрс нэмэгдүүлдэг байна.   

Эрдэмтэд 2006 оноос хойш 40-69 насны 52602 хүнд судалгаа хийж эхэлсэн бөгөөд тэдний 80 хувь нь эг эмгэгээр өвчилсөн байжээ. Тус 80 хувьд хамаарагдах хүмүүсийн амьдрах орчин, эрүүл мэндийн суурь үзүүлэлт, амьдралын хэв маяг зэрэг хараанд нөлөөлж болзошгүй хүчин зүйлсэд үргэлжлүүлэн судалгаа хийхэд нэг нийтлэг зүйл байсан нь агаарын бохирдол байв.

Тодруулбал, эдгээр хүн тоосонцор (PM), азотын давхар исэл (NO2), азотын исэл (NOx) ихтэй орчинд амьдардаг байсан аж. Бүдүүн ширхэгтэй тоосонцроос бусад бүх бохирдуулагч бодисууд нүдний торлог бүрхэвчид нөлөөлж, харааг муудахад нөлөөлдөг байна.  

Гэхдээ судалгаа эцэслэн батлагдаагүй, үргэлжлүүлэн тандалтын ажил хийгдэж буйг тус төвийн эрдэмтэд хэлсэн байна. Мөн Их Британийн нүдний эмч Др.Карен Саланд уг эмгэгийн хараанд нөлөөлөх явцыг удаашруулах дараах зөвлөгөөг өгчээ. Түүний хэлж буйгаар дараах эрдэс бодисыг хэрэглэснээр хараа муудах хугацааг удаашруулах аж.

ҮҮНД: 

  • Витамин С
  • Витамин Е
  • Цайр
  • Лютеин
  • Зеаксантин
  • Зэс

Мөн тамхи татахгүй байх, цусны даралтаа хэвийн хэмжээнд байлгах, өөх тос, холестерины агууламж багатай хоол хүнс хэрэглэх нь уг эмгэг үүсэх магадлалыг бууруулах хамгийн сайн арга болох талаар нэмж дурджээ. 

Мэдээллийг эх сурвалжаас нь ЭНД дарж үзнэ үү. 

Эх сурвалж: Healthline