ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр улсын хэмжээнд 12,039 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд хоёр нь ХӨСҮТ-ийн ажилтан, үлдсэн нь сүүлд гарсан голомтот халдвар болон батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс байгаа юм.
Сүхбаатар дүүргийн 16-р хорооны нийтийн байрнаас халдварын нийт долоон тохиолдол бүртгэгдсэн. Эхлээд эх уурхай нь тодорхойгүй байсан ч тандалт судалгааны явцад тодорхой болсон.
Ингэснээр улсын хэмжээнд нийт 1656 тохиолдол бүртгэгдэж байна. Үүнээс 1211 нь эдгэрсэн.