Г.Ганбаяр: Би ярьж, сонсож чаддаггүй ч бусдаас тусламж гуйн эх орондоо буцах хүсэлтээ өгсөөр байсан

Г.Ганбаяр: Би ярьж, сонсож чаддаггүй ч бусдаас тусламж гуйн эх орондоо буцах хүсэлтээ өгсөөр байсан

Манай улс иргэддээ хилээ хаагаад нэг жилийн нүүрийг үзэх гэж байна. Энэ хугацаанд зарим иргэд хүний нутагт насан эцэслэж, тусгаарлалтын хугацаанд хайртай хүмүүсээсээ хагацаж, элчингийн гадаа тэмцэж, хоног төөрүүлж, нисэх онгоцны буудал дээр орь ганцаар хаягдан хэцүүхэн өдрүүдийг өнгөрүүлж байгаа ч тэд эх орон, элгэн садандаа ирэх гэж тэмцсээр л байгаа. Өнгөрсөн хугацаанд тусгай үүргийн нислэгээр гадаадаас иргэдийг авчирж байсан хэдий ч УОК-ын “таван шаардлага”ын цаана үлдэж эх орондоо ирж чадаагүй иргэд байсаар байна.

Мөн үүний дотор сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй иргэд ч цөөнгүй байгаа бөгөөд утсаар ярьж, бусдад өөрийгөө ойлгуулах тал дээр дутмаг байдаг учир багагүй хүндрэл тулгарч байсан аж. Бид энэ удаад гадаадад гацсан сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болох Г.Ганбаяртай холбогдож дараах мэдээллийг авлаа.

Түүний хувьд өнгөрсөн 2019 онд БНСУ-д очоод 3 сар болоод эх орондоо буцах байсан ч одоог хүртэл ирж чадаагүй байгаа мянга мянган иргэдийн нэг. Харин бусад шиг дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлэх, өөрийгөө ойлгуулах тал дээр хязгаарлагдмал. Гэсэн хэдий ч бусдаас тусламж гуйн УОК, ГХЯ, болон БНСУ-д суугаа Монгол улсын элчинд удаа дараа эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлсээр байжээ. Мөн утсаар ярих боломжгүй тул элчингийн фэйсбүүк хаяг руу чат бичиж, хариу ирэхийг хүлээсээр байсан гэнэ.

-ӨНГӨРСӨН ХУГАЦААНД АЙЛД АМЬДАРЧ, ОЙР ЗУУРЫН МӨНГӨ ОЛОХЫН ТУЛД ГУЙСААР БАЙГААД БАРИЛГА ДЭЭР ХЭД ХОНОГ АЖИЛЛАСАН-

-Сайн байна уу, өөрийгөө товч танилцуулаач. БНСУ-д хэзээ очсон бэ?

-Сайн, сайн байна уу. Ганбаатар овогтой Ганбаяр миний бие 2019 оны арванхоёрдугаар сард БНСУ-д ирээд 2020 оны хоёрдугаар сард буцах төлөвлөгөөтэй байсан боловч COVID-19 өвчний улмааснислэг цуцлагдаж одоог хүртэл эх орондоо буцаж чадаагүй байна. Би төрөлхийн сонсголгүй учир ажил хийх боломж тун бага байдаг тул өнгөрсөн хугацаанд БНСУ-д маш хэцүү нөхцөл байдалд байсаар өдийг хүргэсэн.

-Нутаг буцах хүсэлтээ хэзээ өгсөн бэ, өнгөрсөн хугацаанд яажшуухан амьдарч байв?

-Миний бие энэхүү улсын газар, хаяг гэх мэт зүйлийг сайн мэдэхгүй тул Батсайхан овогтой Жавхлан гэх залууг хэлмэрчээр /орчуулагч/ туслуулсан. Энэхүү хүнээр дамжуулан цаанаас шаардсан шаардлагын дагуу өргөдөл хүргүүлэн 2020.11.20-ны нислэгт багтсан боловч цуцлагдсан. Ингээд дахин хүн гуйж ЭСЯ-нд удаа дараа өргөдөл өгч байгаад 2020 оны 12-р сарын 25-ны нислэгт багтсан боловч дахин цуцлагдсан. Сая хийсэн нэгдүгээр сарын 15-ны өдөр дахин нислэг хийсэн үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулагүй. Зөвхөн жирэмсэн болон ахмад настай иргэдийг авч явсан. МУ-ын Засгийн газар иргэдээ хүндрүүлсэн шийдвэрүүдийг удаа дараалан гаргаж байгаад маш их харамсаж байна.

-БИ БУСАДТАЙ ЯРЬЖ, ОЙЛГОЛЦОЖ ЧАДАХГҮЙ ТУЛ ЭЛЧИНГИЙН ФЕЙСБҮҮК ХАЯГ РУУ ЧАТ БИЧЭЭД ХАРИУ ИРЭХ БОЛОВ УУ ГЭЖ УДААН ХҮЛЭЭСЭН -

-Таны хувьд тэгэхээр нийт хэдэн удаа өргөдөл гомдол өгүүлсэн гэсэн үг вэ. Энэ хугацаанд ажил хийж чадсан уу. Хаанаас яаж мөнгө олж амьдарч байсан бэ?

-Нийт 3 удаа гомдол хүргүүлсэн ба УОК, ГХЯ, болон БНСУ-д суугаа Монгол улсын элчинд өгч байсан. Би Гванжу хотод байх нэгэн барилга дээр хүнээс гуйж байгаад ажиллаж, ойр зуурын хэрэглээний мөнгө олж байсан ч зарим үед ажил олдохгүй үнэхээр хэцүү үе байсан. Аз болж Гванжу хотод таньдаг айл байдаг болхоор тэнд л амьдарсан. Гэхдээ л гэртээ харихыг юу юунаас илүү хүсэж байна.

-Элчингийн гадаа болж байгаа жагсаал цуглаанд оролцож үзсэн үү?

-Элчингийн гадаа болсон жагсаал цуглаанд оролцоогүй. Гванжуд байгаа тул оролцож чадаагүй. Мөн энд газар сайн мэдэхгүй, хүмүүстээ ойлголцож чадахгүй тул ганцаараа хамаагүй явж чаддагүй юм л даа.

- Ер нь өнгөрсөн хугацаанд сонсголын бэрхшээлээс болж ямар асуудлууд тулгамдаж байсан бэ?

-Би ганцаараа байсан учир асуудлууд их гарч байсан л даа. Бусадтай ярьж, ойлголцох тал дээр дутмаг тул бусад хүмүүс шиг хэл, ам хийж, мөн хүссэн үедээ элчин дээр очоод байж чадаагүй. Гэхдээ бүх чадлаараа л хичээж, өөрийнхөө дуу хоолойг сонсгохыг хүссэн. Элчингийн фэйсбүүк хаяг руу анх удаа чат явуулхад хариу ирж байсан боловч сүүлд нэг ч хариу ирээгүй. Би үргэлж хариу ирэх болов уу гэж хардаг. Одоо ирэх нислэгт багтахыг маш их хүсэж байна. Бидний дуу хоолой болж байгаад баярлалаа.

-Мэдээлэл өгсөн танд баярлалаа




Өнөөдөр тахиа өдөр

58 минутын өмнө