MCM группээс Эрдэнэт рүү 512 сая төгрөг буцаажээ. “Шилэн данс”-наас гүйлгээг устгасан хүн хариуцлага хүлээх үү

MCM группээс Эрдэнэт рүү 512 сая төгрөг буцаажээ. “Шилэн данс”-наас гүйлгээг устгасан хүн хариуцлага хүлээх үү

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн автомашинаа солихоор 512 сая төгрөгийн өртөг бүхий тансаг зэрэглэлийн гэгдэх  “Мерседес-Бенз G-class” загварын автомашиныг тус үйлдвэрийн санхүүжилтээр авахаар тендер зарласан гэх мэдээллийг анх зарим иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтэд мэдээлсэн.

Тодруулбал, тус "Мерседес бенц" загварын автомашины тендерийг Эрдэнэт үйлдвэрээс 2020 оны есдүгээр сарын 17-ны өдөр зарлаж, MCM групп ХХК шалгарсан байгаа юм. Ингээд "Мерседес бенц" загварын автомашины төлбөр болох 512 сая төгрөгийг 2020 оны аравдугаар сард MCM групп ХХК руу Эрдэнэт үйлдвэрээс шилжүүлсэн байдаг.

512 сая төгрөг шилжүүлсэн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн шилэн данс

Гэтэл MCM групп ХХК руу “2020/13-20-949 тоот гэрээний төлбөр” 28/10/2020 гэсэн гүйлгээний утгатай Эрдэнэт үйлдвэрээс шилжүүлсэн 512 сая төгрөгийн гүйлгээ “шилэн данс”-наас устсан байгаа юм. 

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн шилэн данснаас тус гүйлгээ устжээ

Харин Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Монгол HD телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ “захисан машинаасаа татгалзсан” гэж мэдэгдсэн. Гэтэл тэрээр “автомашины төлбөрт 512 сая төгрөг шилжүүлсэн” талаараа огт яриагүй юм. Тэгвэл MCM групп ХХК-иас энэ сарын 07 ны өдөр “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ руу нийт 512 сая төгрөгийг буцааж шилжүүлсэн” байж болзошгүй баримт олон нийтэд ил боллоо. Ямартай ч үр дүнгүй худалдан авалт байж болзошгүй мөнгө буцаж улсад орж байна. Харин Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн “шилэн данс”-наас тус гүйлгээг устгаж, хууль зөрчсөн албан тушаалтанд ямар хариуцлага хүлээлгэх вэ? гэсэн асуулт одоо гарч байна. 

MCM группээс 512 сая төгрөгийн буцаалт хийсэн гэх баримт