Коронавирусийн вакцины “КОВАКС” хөтөлбөрт нэг тэрбум ам.доллар хандивлагч орнуудаас цугларчээ

Коронавирусийн вакцины “КОВАКС” хөтөлбөрт нэг тэрбум ам.доллар хандивлагч орнуудаас цугларчээ

Их Британийн Засгийн газар хөгжиж буй 92 оронд коронавирусийн вакцин хандивлах “COVAX Advance Market Commitment” (AMC)  хөтөлбөрт бусад орны хамт /Герман, Япон, Канад/ нэг тэрбум гаруй ам.долларыг босгоод байгаа талаар мэдээллээ.

ДЭМБ “COVAX” хөтөлбөрийг удирдан зохион байгуулж буй газруудын нэг  бөгөөд 2021 оны эцэсд 172 оронд 2 тэрбум тун вакцин хүргэхээр амлаад буй.

Одоогоор маш олон орон “КОВАКС” хөтөлбөрөөр вакцин авах хүсэлтээ ирүүлсээр байна. Үүний дунд манай улс ч багтаж байгаа. Тодруулбал манай улс “Ковакс” механизмд бүртгүүлэх хүсэлтээ өнгөрсөн оны 7 дугаар сарын 24-нд өгсөн.

Улмаар өнгөрсөн оны 12 дугаар сард Монгол Улсыг бүртгэж, нийт хүн амын 20 хувийг вакцинжуулна гэдэг хариу авсан юм. ЭМЯ-ны сайд Т.Мөнхсайхан саяхан “КОВАКС” механизмаас гуравдугаар сард багтан эхний вакцин ирнэ хэмээн мэдээлж байв.

Өндөр хөгжилтэй, эдийн засгийн нөөц боломжтой орнууд “Ковид”-ийн вакциныг мөнгөө төлөөд шууд авах боломжтой. Харин хөгжиж буй, ядуу буурай орнууд захиалга өгөхөд хүндрэлтэй тул ”КОВАКС” хөтөлбөрөөр вакцин боломжтой гэж хэлж болно. Тус хөтөлбөрийг Герман, Япон, Канад, Их Британи зэрэг орнууд санхүүжүүлж байгаа юм. Одоогоор Бангладеш, Энэтхэг улсууд КОВАКС хөтөлбөрөөр ард иргэдээ вакцинжуулах нь тодорхой болоод байна.

Эх сурвалж: UKgov