Ходоодны хорт хавдар оноштой Т.Батбаяр гуайг хагалгаанд оруулахаар болжээ

Ходоодны хорт хавдар оноштой Т.Батбаяр гуайг хагалгаанд оруулахаар болжээ

Ходоодны хавдар оноштой ХӨСҮТ-д эмчлүүлэхээр ирсэн ч гурван сая төгрөггүйн улмаас хагалгаанд орж чадалгүй нутаг буцсан Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын иргэн Т.Батбаяр гуайн асуудал өнгөрсөн долоо хоногт хэвлэлд нийтлэгдэж олон хүнийг эмзэглүүлсэн. Тодруулбал, ХӨСҮТ-ийн эмч нар Т.Батбаяр гуайгаас 3 сая төгрөг нэхэж, өгөхгүй бол хагалгаанд оруулахгүй гэж дарамталсан гэх мэдээлэл байгаа юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн, ХСҮТ-ийн Ерөнхий захирал асан Ж.Чинбүрэн, өвчтөн Т.Батбаяр гуайтай холбогдож "“Сонгдо” эмнэлэгт арванхоёрдугаар сарын 31-ний өдөр үзүүлсэн шинжилгээний хариунаас тань дүгнэлт хийж үзэхэд “Ходоод тайрах хагалгаанд оруулах боломжтой” байна гэсэн дүгнэлт гарсан. Яаралтай ирж шинжилгээнд хамрагдаад хагалгаанд ор"  гэжээ.

Энэ дагуу Т.Батбаяр гуай энэ бүтэн сайн өдөр Улаанбаатар руу ирэхээр бэлтгэлээ базааж эхэлжээ. 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу түүний өндөр өртөгт эмчилгээний бүх төлбөрийг Эрүүл мэндийн даатгалаас гаргах аж.