АНУ-д болсон үймээний үеэр амиа алдсан эмэгтэй цэргийн албан хаагч байжээ

АНУ-д болсон үймээний үеэр амиа алдсан эмэгтэй цэргийн албан хаагч байжээ

АНУ-ын Капитолд Сенат болон Конгрессын хамтарсан хуралдаан болж Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг баталгаажуулах үеэр Д.Трампыг дэмжигчид үймээн дэгдээж, нэг эмэгтэйн амь эрсэдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Хуралдааны өмнө Д.Трамп дэмжигчдэдээ хандан “хэзээ ч бууж өгөхгүй”-гээ илэрхийлж мэдэгдэл хийсэн бөгөөд үүний дараа дэмжигчид нь чуулганы ажиллагааг тасалдуулж, сонгуулийн үр дүнг хүчээр өөрчлүүлэхээр Капитолын ордонд дайран орсон байна.

Энэ үеэр цагдаагийн албан хаагчид болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, нэг эмэгтэй шархдан удалгүй нас барсан юм.

Тэгвэл Конгрессын байранд болсон үймээний үеэр буудуулж амиа алдсан тус эмэгтэй нь чөлөөнд гарсан цэргийн албан хаагч байсан талаар “Fox News” суваг мэдээлжээ. Түүнийг Эшли Баббитт гэдэг бөгөөд чөлөөнд гарахаасаа өмнө Агаарын цэргийн хүчинд 14 жил алба хаажээ. Сан Диего хотод амьдардаг Баббитт Ерөнхийлөгч Трампыг идэвхтэй дэмждэг  байсан тухай ойр дотныхон нь ярьж байна.

Капитолд болсон үймээний үеэр Эшли цээжиндээ буудуулж эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй нас барсан юм.

Цагдаагийн хүчнийхэн галт зэвсэг, нулимс асгаруулагч хий ашиглаж, эсэргүүцлийг намжаан конгрессийн гишүүдийг ордноос нүүлгэн шилжүүлсэн байна. Сүүлд хүч нэмэгдүүлж, Үндэсний Гвардын цэргүүд Капитолын ордонд ирснээр жагсагчдыг хөөн гаргаж, дэг журам тогтоожээ. Үймээн самууны улмаас нийслэл Вашингтон хотод оройн 06:00 цагаас эхлэн пүрэв гарагийн өглөө хүртэл хөл хорио тогтоосон байна. Капитолын ордон чөлөөлөгдсөний дараа АНУ-ын конгресс үргэлжлүүлэн хуралдаж, Жо Байдены ялалтыг батлах асуудлыг эцэслэн шийдэхээр болжээ.