Улсын Нэгдүгээр төв эмнэлэг бөөр, шээсний замын чулууг дурангаар эмчилдэг байсан бол эмчилгээний шат ахиж лазераар эмчилдэг болжээ. Энэхүү боломжийг УНТЭ-ийн Урологи, андрологийн тасагт "Хүрээ Ротари" клубийн санаачилгаар бүрдүүлж, “Олон Улсын Ротарийн Глобал Грант” төслийн санхүүжилтээр 227.800 ам.долларын үнэ бүхий лазер аппарат, тоног төхөөрөмжийг өчигдөр албан ёсоор хүлээлгэн өгчээ.
УНТЭ-ийн Урологи, Андрологийн тасаг нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй гол нэгж юм. Тус тасгаар жилдээ 3000 гаруй иргэн хэвтэн эмчлүүлж, жилдээ 800 орчим бөөр, шээсний замын чулуу авах мэс заслыг хийдэг.
Энэ төрлийн лазер аппаратгүй байхад жилдээ 20 орчим өвчтөнийг гадаад улс руу эмчилгээнд явуулдаг байсан бөгөөд иргэнээс ойролцоогоор 10 орчим сая төгрөгийн зардал гардаг байсан. Харин одоо бид гадаад урсгалыг зогсоож иргэд өөрийн улсдаа эмчилгээ үйлчилгээ авах боломж нээгдэж байна хэмээн УНТЭ-ээс мэдээллээ.