ФИЛИППИН: Үзэсгэлэнтэй онгоцны үйлчлэгч бүсгүй зул сарын өдөр хүчирхийлүүлж амиа алджээ

ФИЛИППИН: Үзэсгэлэнтэй онгоцны үйлчлэгч бүсгүй зул сарын өдөр хүчирхийлүүлж амиа алджээ

Өнгөрсөн зул сарын баярын өдөр Филиппин дэхь дөрвөн одтой зочид буудлын ариун цэврийн өрөөнөөс 23 настай, онгоцны үйлчлэгч бүсгүй амиа алдсан байдалтай олджээ. Түүний хэрэг тус улсын иргэдийг ихээхэн цочирдуулж, улс даяар мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлсэн гэж албаны эх сурвалж мэдээлжээ.

-АГААРЫН ТЭЭВРИЙН АЖИЛТАН БОЛОХ ТУС ЭМЭГТЭЙ ЗУЛ САРЫН БАЯРЫН ӨДРИЙГ НАЙЗУУДТАЙГАА ТЭМДЭГЛЭХЭЭР ЗОЧИД БУУДАЛД ОЧЖЭЭ-

Хэргийг тодруулбал, Филиппин улсын Үндэсний Агаарын тээврийн компани болох “Филиппин Эйрлайнс”-д онгоцны үйлчлэгчээр ажилладаг 23 настай үзэсгэлэнтэй бүсгүй Кристин Анжелика Дацера тус улсын Макати хотод байрлах дөрвөн одтой “Сити Гарден” зочид буудалд орж хэсэг найзуудын хамт зул сарын баяраа тэмдэглэжээ. Харамсалтай нь, маргааш өглөөний 10:00 цагийн үед түүний хамт ажилладаг найз Роммель Галида түүнийг ариун цэврийн өрөөний онгоцноос амьсгал хураасан байдалтай байхад нь олсон байна. Тэрээр бусад хоёр найз болон зочид буудлын ажилчдын хамт бүсгүйг эмнэлэгт аваачин, эмнэлгийн тусламж үзүүлсэн боловч бүсгүй хэдийн амьсгал хураасан байжээ.

Цагдаагийн байгууллагын эхний шалгалтаар бүсгүйг гадны нөлөөтэй буюу бүлэглэн хүчирхийлүүлсний улмаас амиа алдсан байж болзошгүй хэмээн дүгнэжээ. Учир нь, залуу эмэгтэйн бие гуя, өвдөгний хэсэг нь хөхөрч, зүсэгдсэн байсан ба эхний шинжилгээгээр түүний биенээс үрийн шингэн илэрсэн байна. Одоогоор хэргийг нарийвчлан шалгаж, талийгаачийг хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахаар шүүх эмнэлгийн дэлгэрэнгүй дүгнэлтийг хүлээж байгаагаа ахлах хурандаа Харольд Депозитар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдэгджээ.

-ТҮҮНИЙГ ӨГЛӨӨ НЬ АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨНИЙ ВАНН ДОТОР АМИА АЛДСАН БАЙДАЛТАЙ БАЙХЫГ НАЙЗ НЬ ОЛЖЭЭ-

Тухайн өдөр “Сити Гарден” зочид буудлын нэгэн тансаг өрөөнд бүсгүй 11 эрэгтэйтэй хамт зулс сарын баяр тэмдэглэсэн бөгөөд тухайн хүмүүсээс хамт ажилладаг болох 27 настай Жон Паскуаль Дела, 29 настай Роммел Далуро Галидо, мөн 25 настай Жон Пол Рейес нарыг л дотно  танидаг байсан, харин бусад найман эрэгтэй сайн танидаггүй, тэд тухайн гурван залуугийн л найз байсан гэдгийг цагдаагийн байгууллага батлаад байна. Одоогоор тухайн гурван залууг баривчилж, мэдүүлэг авч байгаа ба анх бүсгүйг амиа алдсан байхад нь олсон Роммель “би өмнөх шөнө нь түүнийг өрөөнд унтаж байхыг хараад хөнжлөөр хучсан, харин өглөө сэрээд ариун цэврийн өрөө ороход тэр ванн дотор ухаангүй хэвтэж байсан” гэж мэдүүлжээ.

Үхлийн хоёрдогч шалтгаан нь аневризм байсан болохыг тогтоожээ. Түүнийг нас барсан тухай мэдээлэл гарсны дараа түүний цахим хуудас эмгэнэлээр дүүрч, инстаграм дээрх олон мянган дагагчид нь аймшигт мэдээнд итгэж чадахгүй байгаагаа илэрхийлсэн сэтгэгдэл үлдээж эхэлсэн байна. Тухайлбал, “таны сайхан сэтгэлийг үргэлж дурсаж явна, хамгийн өндөрт дүүлэн нис дээ. Бид таны төлөө үргэлж залбирах болно, ажлынхаа хамт олонд гаргадаг байсан таны сайхан сэтгэлийг үргэлж нандигнан хадгалж, санаж байх болно. Та болон танай гэр бүлд шүүх шударга хандаж, гэмт этгээдүүдийг заавал олж шийтгэх болтугай” гэх мэтчилэн сэтгэгдлээ үлдээжээ. Түүний хувьд инстаграм хуудсаараа хамгийн сүүлд онгоцны бүхээг налан зогсож буй зургаа оруулаад 12800 дагагчдаа зориулан "Энэ жилийн хамгийн сүүлийн нислэг" гэж бичжээ.

Мөн амиа алдсан өдрөө ч найзуудтайгаа баяр тэмдэглэж буй зургаа нийтэлсэн байна. Хотын мөрдөн байцаах газрын дарга генерал Дебольд Синас хэлэхдээ, 11 сэжигтнээс гурвыг нь аль хэдийн баривчилсан бөгөөд хүн амины хэрэг болон хүчингийн хэрэгт буруутгагдаж байгаа бүх этгээдэд бүх насаар нь хорих ял оноох болно” гэжээ.

Эх сурвалж: The Sun