"Амар" буудлаас шилжин тусгаарлагдсан иргэд хүйтэн өрөөнд даарч, ханиад хүрсээр байна гэв

"Амар" буудлаас шилжин тусгаарлагдсан иргэд хүйтэн өрөөнд даарч, ханиад хүрсээр байна гэв

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 160 гаруй иргэн ирж, тус иргэдийг хороолол дахь “Амар” зочид буудал болон “Жаргалант” сувилалд хуваарилан тусгаарлаж байсан билээ.

Харин тэдний тусгаарлалтын 14 хоногийн хугацаа нэгдүгээр сарын 1-ний өдөр дуусаж, гэрийн ажиглалтад шилжих байсан ч “Амар”зочид буудлаас халдвар илэрч тусгаарлалтад байсан иргэдийг өөр буудал руу нүүлгэн шилжүүлсэн юм. Тус буудалд байрлаж байсан нэг эмч, таван иргэнээс халдвар илэрсэн бөгөөд иргэдийн зүгээс “олон сар хичээж, тэмцэж гадаадаас эрүүл ирсэн ч тусгаарлах байрнаас халдвар авчихлаа, ”Амар” гэх буудал нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй, маш бохир мөн үйлчилж буй эмч ажилчид нь гараа ариутгаж, нэг удаагийн бээлийгээ солидоггүй” хэмээн цахим орчинд ихээхэн шүүмжилж буй.

Тэгвэл "Амар" буудлаас шилжин “White house” буудалд тусгаарлагдаж байгаа нэгэн иргэн манай редакцид хандлаа.

Тэрбээр, энэ буудал их хүйтэн байна, би сүүлийн гурван хоног халуурч, бие арзайн халдвар туссан байж магадгүй гэж сэрэмжлэн эмнэлгийн ажилчдаас шинжилгээ авахыг удаа дараа хүсэхэд надаас огт шинжилгээ авахгүй байна. Бид гарах гэсэн хугацаандаа гаралгүй байсаар энд өвчин тусаж эхэллээ. Олон удаа гуйсны эцэст маргааш шинжилгээ авахаар болсон. Хэрвээ нэг хүнээс халдвар илэрвэл дахин 14 хоног биднийг тусгаарлана гэж байна” хэмээн мэдээлсэн юм. Халдвар гарсан “Амар” зочид буудлын талаар тусгаарлалтын хугацаанд халдвар хамгааллын дэглэм алдагдсан уу, дэглэм зөрчсөн үү гэдгийг тухайн буудлын хяналтын камерыг шүүж тогтооно хэмээн эрх баригчид мэдэгдсэн юм.