Жэк Ма хаана байна? БНХАУ-ын тэрбумтан Жэк Ма Бээжингийн санхүүгийн зохицуулалтын системийг шүүмжилснээсээ хойш хэдэн сар харагдахгүй, алга болсныг олон улсын хэвлэлүүд анзаарч, энэ талаар мэдээллэж эхэлжээ.
Хятадын хамгийн амжилттай технологийн эзэнт гүрнийг үндэслэгч, домогт тэрбумтан бизнес эрхлэгчийн талаар хэдэн сарын турш сураг сонссонгүй хэмээн бизнес эрхлэгчид гайхшихч эхэлжээ. Өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлээр олон нийтийн өмнө гарч Бээжингийн санхүүгийн зохицуулалтын системийг шүүмжилснээсээ хойш сураггүй болж, цахим орчинд ч сэтгэгдэл оруулаагүй гэв.
Тэрбээр “Africa’s Business heroes” нэвтрүүлгийн эцсийн шатны шалгаруулалтыг шүүх ёстой байсан ч ирээгүй гэнэ. Тус шоунд Африкийн бизнесмэнүүд 1.5 сая ам.доллартай тэнцэх хувьцааны төлөө өрсөлддөг аж.
Шоуны эцсийн шалгаруулалт 2020 оны арваннэгдүгээр сарын сүүлээр болсон ч Жэк Магийн нэр шүүгчдийн бүрэлдэхүүнээс хасагдаж, нэвтрүүлгийн албан ёсны вэб сайт дээрээс зураг нь алга болж, сурталчилгаан дээр ч үзэгдэхээ байжээ. Мөн зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар нэвтрүүлгийн эцсийн шатыг телевизээр гаргахыг хориглосон гэнэ. Энэ талаар Алибаба компанийн хэвлэлийн төлөөлөгч, Жэк Ма шахуу төлөвлөгөөнийхөө дагуу ажиллах шаардлагатай болсон тул шүүгчдийн бүрэлдэхүүний нэг хэсэг байхаа больсон хэмээгээд хаана байгаа талаар нь мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Жэк Ма өнгөрсөн оны аравдугаар сард улсынхаа удирдагч нар болон улсын банкуудыг хүчтэй шүүмжилснийхээ дараа эрх баригчдаас таагүй үгс сонсч дарамтанд орсоор байсан юм. Тэрбээр Шанхайд илтгэл тавихдаа улсын санхүүгийн зохицуулах тогтолцоог буруушааж, шинэчлэл хийх шаардлагатай хэмээн ярьжээ. Ингээд долоо хоногийн дараа Жэк Ма олны нүдэнд огт харагдалгүй алга болжээ.
Эх сурвалж: Mercury news