ЭМЯ: Улаанбаатар хотод коронавирусийн 23 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ: Улаанбаатар хотод коронавирусийн 23 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт хийгдсэн шинжилгээний мэдээллийг танилцууллаа.

Тэрээр “1 дүгээр сарын 3-ны өдөр 13621 хүнд шинжилгээ хийхэд 23 хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, 12 дугаар сарын 20-нд Токиогийн нислэгээр ирсэн хоёр хүнийн давтан шинжилгээнээс, Цэргийн төв эмнэлгийн хоёр ажилтнаас илэрлээ. Бусад нь батлагдсан тохиолдлын хавьтал болсон гэр бүлийн гишүүн, хөрш, хамт ажилладаг хүмүүс байна. Тухайлбал, Хавдар Судлалын Үндэсний төвд батлагдсан тохиолдлын гэр бүл, “Мөнххада” компанийн ажилчдын батлагдсан тохиолдлын гэр бүл, хөрш зэрэг хавьтал болсон хүмүүсээс коронавирус илэрлээ.

Сүүлийн 24 цагт есөн хүн эдгэрч эмнэлгээс гарч нийт эдгэрсэн хүний тоо 878 боллоо. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,286. Эмчлэгдэж байгаа 398 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 9, хүндэвтэр 125, хөнгөн 262 байгаа" гэв.