ОХУ: А.Навальныйд их хэмжээний мөнгө завшсан хэргээр 10 гаруй  жил хорих ял оноохоор төлөвлөжээ

ОХУ: А.Навальныйд их хэмжээний мөнгө завшсан хэргээр 10 гаруй жил хорих ял оноохоор төлөвлөжээ

Өнгөрсөн долоо хоногт буюу 12 дугаар сарын 30-ны өдөр ОХУ-ын Хууль зүйн байгууллагаас сөрөг хүчний удирдагч А.Навальныйг Германаас яаралтай буцаж ирэхгүй бол шоронд хорино хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл өчигдөр /2021.01.03/ Ерөнхийлөгч В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Россий-1” сувагт өгсөн ярилцлагадаа А.Навальныйг авилгын хэрэгт холбогдсон талаар ярьжээ.

Тодруулбал, А.Навальный 2014 онд Авилгатай тэмцэх сангаас 4,8 сая долларыг завшсан хэрэгт холбогдсон бөгөөд уг хэргийн шүүн хэлэлцэх хугацаа энэ долоо хоногт дуусах аж. Тиймээс А.Навальныйг нэн даруй эх орондоо ирэхийг шаардсан гэж тэрээр ярьсан байна. Үүгээр ч зогсохгүй дээд шүүхээс түүнд 10 гаруй жилийн хорих ял оноож магадгүй гэжээ. 

-А.НАВАЛЬНЫЙ:БҮРЭН ЭДГЭРСНИЙХЭЭ ДАРАА АЙХ ЗҮЙЛГҮЙГЭЭР ОРОС РУУ БУЦАХ БОЛНО-

Энэ мэдэгдлийн дараа А.Навальный “Тэд намайг онгоцонд үхээгүйн төлөө шоронд хорихыг оролдож байна. Үүнээс гадна намайг алахыг оролдсон хүмүүсийг илчилсэн, энэ бүхний цаана В.Путин байгааг нотолсон нь тэднийг сандаргаж орхисон бололтой. Би бүрэн эдгэрснийхээ дараа айх зүйлгүйгээр Орос руу буцах болно. Үүнийг амлаж байна” гэж телеграммаар дамжуулан хэлжээ. 

Өнгөрсөн 12 дугаар сарын 21-ний өдөр А.Навальный, Их Британийн эрэн сурвалжлах мэдээллийн сайт “Bellingcat”-ын сэтгүүлчидтэй хамтран мөрдлөг явуулж ОХУ-ын аюулгүй байдлыг хамгаалах албаны хорт бодисоор мэргэшсэн элит багийнхан руу дуу хоолойгоо өөрчилж ярьсан утасны бичлэг дэлхийн улс төрийн тавцанд дуулиан тарьсан билээ. 

А.Навальный өөрийг нь хордуулсан гэх ОХУ-ын тусгай хүчний элит багийн гишүүнтэй утсаар ярьж буй нь

Тодруулбал, Навальный өөрийгөө хордлогын ажиллагаанд дүн шинжилгээ хийх үүрэг бүхий ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн/FSB/ ахлах албан тушаалтан хэмээн танилцуулж, хордуулах үйл ажиллагааны талаар тэднээс асуусан аж. Энэ үеэр А.Навальный Константин Кудрявце гэх элит багийн гишүүн рүү залгахад тэрээр хордуулах үйл ажиллагаанд оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ мэдээлэл цацагдсаны дараа В.Путин сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Манай тусгай багийнхан А.Навальныйг хөнөөхийг хүссэн бол аль эрт “гүйцээчих” байсан юм” хэмээн эрс няцаасан юм. 

-ОХУ-ЫН ИРГЭДИЙН 22 ХУВЬ НЬ Л А.НАВАЛЬНЫЙГ ХОРДУУЛСАН ГЭЖ ҮЗЭВ-

Энэ мэтээр нэг талаас А.Навальный өөрийг нь хордуулсан гэж В.Путинг илт буруутгаж, нөгөө талаас Кремль үүнийг нь няцааж буй нь  их гүрнүүдийн хоорондох харилцааг улам хурцатгаж байна. Тодруулбал АНУ, Герман, Франц тэргүүтэй орнууд энэ асуудалд ОХУ-ыг илт буруутгасан байр суурин дээр зогсож байгаа. Тэгвэл Оросын иргэд үүнийг хэрхэн дүгнэж байгаа нь сонирхол татаж байна. 

В.Путин А.Навальныйгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын бие даасан “Левада” төвөөс олон нийтийн дунд санал явуулга явуулжээ. Тэд "Та А.Навальныйг хордуулсан талаар юу гэж бодож байна вэ" гэхэд асуулгад оролцогчдын дөнгөж 22 хувь нь "хордуулсан нь үнэн" гэсэн бол 49 хувь нь энэ үйл явдлыг “барууны нууц албаныхны өдөөн хатгалга”, "зохиомол хэрэг" гэж үзсэн байна. Энэ нь магадгүй ОХУ-ын дийлэнх иргэд төрийн хяналтад байдаг телевизээс мэдээллээ хүлээн авдагтай холбоотой байх магадлалтай. 

Гэсэн ч энэ явдал цар тахлын эсрэг арга хэмжээг хожуу авсан, зах зээлийн уналт, орлогын зогсонги байдалтай холбоотой нэр хүнд нь унаж буй Ерөнхийлөгч В.Путины рейтингийг улам доош татсан хэрэг болж буй нь нууц биш юм. 

Эргэн сануулахад, ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальный өнгөрсөн оны наймдугаар сард Омск хот руу нисэх замдаа ухаан балартаж, яаралтай ослын буултаар эмнэлэгт хүргэгдсэн билээ. Удалгүй түүнийг Зөвлөлтийн үеийн маш хүчтэй хор гэгддэг “новичок”-оор хордуулсан болохыг сөрөг хүчний гишүүд төдийгүй Герман улс ч баталсан юм. Энэ бүх үйл ажиллагааны ард В.Путинг байгаа гэж А.Навальный баталж буй бол ОХУ-ын Засгийн газраас үүнийг эрс няцааж, худал хэмээн маргасаар байгаа нь дэлхийн улс төрийн тавцанд өрнөж буй гол үйл явдлуудын болж байна. 

Эх сурвалж: Financialtimes