Б.Ууганбаяр: “Мөнххада” компанийн халдвартай иргэдийн ойрын хавьтал 30 гаруй иргэнийг тусгаарласан

Б.Ууганбаяр: “Мөнххада” компанийн халдвартай иргэдийн ойрын хавьтал 30 гаруй иргэнийг тусгаарласан

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар, 33 ажиглан тусгаарлах байранд 1712 хүнийг тусгаарлаад байгаа талаар ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Тусгаарлалт: Нийслэлийн хэмжээнд 28 тусгаарлах байранд 1651  иргэн байгаа бол орон нутагт буй 5  тусгаарлах байранд 58 иргэнийг тусгаарлаж байна.

Шилжүүлэлт: Сүүлийн 24 цагийн байдлаар 146 иргэн нэмж тусгаарлагдсан бол 134 иргэн шилжин тусгаарлагджээ. Нийслэлийн хэмжээнд 422, орон нутагт 116, нийт 528 иргэн гэрийн ажиглалтад байгаа аж. Өчигдөр 29 иргэн гэрийн ажиглалтад шилжжээ. Эдгээр иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг ягштал сахихыг тэрбээр энэ үеэр анхаарууллаа.

Хэрэгжүүлж буй ажлаас: Алтанбулаг хилийн боомтоор ОХУ-аас албадан гаргасан дөрвөн иргэнийг Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлажээ. Мөн “Мөнххада” компанийн халдвартай иргэдийн ойрын хавьтал 30 гаруй иргэнийг “Хабу “зочид буудалд тусгаарласан байна. Өчигдөр 14.00 цагийн үед ХӨСҮТ-ээс өгсөн чиглэлийн дагуу “Амар” зочид буудалд байсан 116 хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд тусгаарлан ажиглах байранд 243 төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ