Ёшихидэ Суга: Япон улс нөхцөл байдлаас үл хамааран 2021 оны Олимпийн наадмыг заавал зохион байгуулна

Ёшихидэ Суга: Япон улс нөхцөл байдлаас үл хамааран 2021 оны Олимпийн наадмыг заавал зохион байгуулна

2020 онд түүхэнд анх удаа цар тахлын улмаас Японд зохион байгуулагдах байсан Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг Олимпийн наадам хойшлогдсон билээ.

Тэгвэл Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга 2021 оны эхний өдөр хэдийгээр коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаа ч энэ зун Токиогийн Олимп, Паралимпийн наадам заавал зохион байгуулна хэмээн мэдэгдлээ. Олимпийн наадам энэ зуны долдугаар сарын 23-нд эхлэх бол Паралимп наймдугаар сарын 24-нд буюу хоорондоо сарын зайтайгаар болох аж.

Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга нэгдүгээр сарын 1-ний мэдэгдлийн үеэр

-ОЛИМПИЙН ТУРШИЛТЫН АРГА ХЭМЖЭЭНҮҮД ИРЭХ ГУРАВДУГААР САРД ЭХЭЛНЭ-

Ёшихидэ Суга баасан гарагт мэдээлэл хийхдээ “Олимпийн наадам халдварын нөхцөл байдлаас үл хамааран зохион байгуулагдах болно. Туршилтын үйл ажиллагаа ирэх гуравдугаар сард эхэлнэ” гэжээ. Туршилтын арга хэмжээнүүд коронавирусийн улмаас хамгийн их хохирол амссан бүс болох Токио хотод зохион байгуулагдана. Энэ жил нөхцөл байдлын улмаас харьцангуй цөөн үзэгчтэйгээр зохион байгуулагдах бөгөөд наадмыг үзэхээр дэлхийн хаанаас ч ирсэн бай заавал вакцин хийлгэсэн байх ёстой аж. Японы талаас болон Олон Улсын Олимпийн Хорооноос наадам халдвараас хамгаалах маш өндөр дэглэм дор зохион байгуулагдана гэдгийг дуу нэгтэйгээр хэлж буй.

Үүний улмаас Олимпийн наадмын зардал 2.8 тэрбум доллараар нэмэгдэх төлөвтэй байна. Ингэснээр дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй наадам болох юм.

Японд сүүлийн үед өдөр бүр COVID-19-ийн 1000 гаруй тохиолдол бүртгэгдэж байгаа. Үүний хажуугаар өнгөрсөн долоо хоногт Их Британиас ирсэн зургаан иргэн коронавирусийн шинэ хувилбараар өвчилсөн нь тогтоосон тул энэ сарыг дуустал гадаадын иргэдийг хилээр нэвтрэхийг хориглоод буй. Нөхцөл байдал ийм байгаа ч Японы Ерөнхий сайд энэ зун Олимпийн наадмыг заавал зохион байгуулна гэж ийнхүү мэдэгдлээ.

Гэхдээ өнгөрсөн жил коронавирусийн ид дэгдэлтийн үеэр Олон улсын Олимпийн хорооны Дэд ерөнхийлөгч Жон Коутс “Олимпийн наадмыг ямар ч тохиолдолд хойшлуулахгүй бөгөөд COVID-19-ийг ялан дийлж, хонгилын үзүүрт гэрэл гийх бэлэг тэмдэг бол энэхүү наадам байх ёстой” гэж хэлж байсныг санах хэрэгтэй. Тиймээс Японы эрх баригчдын энэ мэдэгдэлд 100 хувь итгэх аргагүйг мэргэлжтнүүд хэлж байна. Дашрамд дурдахад энэ зуны Олипийн наадамд дэлхийн 200 гаруй улс орны 11 мянга орчим тамирчид нийт 33 спортын төрөлд өрсөлдөх тов гарчээ.

Эх сурвалж: BBC